Сар шинийн өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлээрэй

Сар шинийн өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлээрэй

17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил улирч, гал морин жил гарах гэж байна. "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохионо.

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр нь ахан дүүс, айл хотлоороо золгон мэндчилж, өв соёлоо эрхэмлэн тэмдэглэдэг хамгийн хүндэт баяруудын нэг билээ. Энэ өдрүүдэд айлчлах, зочлох хөдөлгөөн эрс нэмэгдэж, гал түймэр, зам тээврийн осол, хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэл зэрэг болзошгүй аюул үүсэх магадлал ихэсдэг. Иймд иргэн бүр баяраа тэмдэглэх үеэр болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг бэлтгэн хүргэж байна.  

“Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг согтууруулах ундаагаар шахахгүй байх”

Баярын үеэр ахмад хөгшдөө хүндэтгэн орон нутаг руу зорих иргэд олон бий. Тиймээс цагт баригдалгүй, яарч сандралгүй, амь нас, эрүүл мэндээ бодон хурдаа тохируулан явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг олноороо зорьдог. Энэ үеэрээ жолооч нар нийтлэг хэд хэдэн алдаа гаргадаг. Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал. Хоёрдугаарт, хүн тээврийн стандарт буюу зорчигчийн тоог хэтрүүлэн суулгах нь буруу юм.

Суудлын машины хэмжээнээс хамаарч хэдэн зорчигч суулгахыг зааж өгсөн учир хэтрүүлэхгүй байх нь чухал юм. Хөдөлгөөнд оролцохоос урьдаж суудлын бүсээ тогтмол зүүх шаардлагатай. Тиймээс хөдөө орон нутгаас нийслэл, нийслэлээс хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн хийхээр төлөвлөсөн бол жолооч аюулгүй байдлаа бүрэн дүүрэн хангасан байх ёстой билээ.

Орон нутгийн замд жолооч нарын түгээмэл гаргадаг алдаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй замд гарсан тохиолдол байдаг байна.  Энэ нь ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч болон хол ойрын гэрэл нь байхгүй, эсвэл ажиллахгүй байх зөрчил зонхилдог гэсэн үг юм. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж  гараагүйгээс орон нутгийн замд цахилгаан автомашин шатсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тостой халуун хоол идсэний дараа хүйтэн зүйл уухгүй байх

Баяраар хүмүүс өдөр бүр төдийлөн хэрэглэдэггүй төрөл бүрийн сайхан хоол, зууш, амттаныг ахиу хэмжээгээр хэрэглэдэг. Айл, айл хэсэж “шинийн юм шингүүртэй” ч гэлцдэг.

Гэвч та түүхий ногооноос бүрдсэн салат бэлдсэн бол салатаа эхэлж идээд, дараа нь уургаа идэх нь зөв юм. Үүнд бүх төрлийн махан хоол орно. Хоол идэх үедээ ус, цай болон бусад шингэнийг их хэмжээгээр уух нь хоол боловсруулалтад саад болдог байна. Мөн цөс шингэлж, түүний үр ашгийг бууруулдаг байна. Тиймээс хоол идсэнээс 30 минутын дараа шингэн зүйл уух ёстойг зөвлөлөө. 

Мөн тостой халуун хоол идсэний дараа хүйтэн зүйл уухгүй, хэрэглэхгүй байх (бүх төрлийн шингэн ундаа, ус, пиво, архи, айраг) гэх мэт. Мөн хүүхдүүддээ химийн нэмэлттэй, хоосон илчлэгтэй хүнс болох төрөл бүрийн чихэр, чипс, ундаа, жигнэмэг аль болох бага идүүлэх. Архи хэтрүүлэн хэрэглэж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд төвөг учруулахгүй байгаарай.

Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам сайжруулах

Баяр ёслолын үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг улам сайжруулах шаардлагатай байдаг. Халуун тогоо, буцалсан ус, бууз жигнэсэн ууранд бага насны хүүхэд түлэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Мөн эцэг эхчүүд архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Хараа хяналтаа сулруулснаас үүдэн хөлдөх, унаж бэртэх аюул байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулдаг.  

Бага насны хүүхдүүд аливаа халдварт өвчний халдвар авбал хүндрэх эрсдэлтэй байдаг. Иймд баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэртээ агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.

“Гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо сайтар түгжиж,  цахилгаан хэрэгслүүдээ шалгаарай”

Статистикаас дүгнэхэд Улаанбаатарт гарч байгаа нийт объектын гал түймрийн 70 орчим хувь нь гэр хороололд буюу амины орон сууц, монгол гэрт гардаг байна. Баяр амралтын өдрүүдэд объектын гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, цахилгаан хэрэгсэл, гэр орныхоо аюулгүй байдалд анхаарал хандуулахыг онцгой байдлын байгууллагаас иргэдэд зөвлөлөө. Ингэхдээ цахилгаан халаагуур, тогоо зэрэг төхөөрөмжийг хяналтгүй орхихгүй байх. Олон цахилгаан хэрэгсэл нэг дор залгахгүй байх. Галын аюулгүй байдлаа хангаж лаа, хүж, асаагуур болон галтай холбоотой зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байлгаж, шатамхай зүйлсээс хол байлгах. Эзэнгүй байх үеийн аюулгүй байдалдаа анхаарч гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо сайтар түгжиж, орон байрны хулгайн аюулаас сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.            

Цаг агаарын төлөв байдал

Хоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  Харин дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджийн орчим байх урьдчилсан төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.

Хур тунадасын хувьд хоёр болон дөрөвдүгээр сард дунджийн орчим, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Иймд иргэн бүр хариуцлагатай, сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, сар шинийн баярыг эрүүл энх, осол эндэгдэлгүй тэмдэглэхийг онцгойлон анхаарах шаардлагатай юм.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 31 (7773)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.