Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 7 бүлэг, 64 зүйлтэй байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2-р сарын 12-ны өдөр ГБХНХЯ-д боллоо.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай анхдагч хууль 2008 онд батлагдсанаар салбарын хууль эрх зүйн орчин үе шаттайгаар хөгжиж, ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодит ахиц дэвшил гарсан.
Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, бүтэц, зөвлөл ажиллах тогтолцоо бүрэлдэж, сургалт, мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдлыг судлан бүртгэх, мэдээлэх, ажилтны урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, хөдөлмөрийн нөхцөл болон эрсдэлийг үнэлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлууд тогтмолжсон.
Мөн үндэсний болон аймаг, орон нутгийн түвшинд нийгмийн түншлэлийн талуудын оролцоо нэмэгдэж, байгууллагын түвшинд ажилтны төлөөллийн оролцоог хангах механизм боловсронгуй болсоноор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх соёл төлөвшихөд чухал хувь нэмэр оруулсан олон үр дүн, ололт амжилтад хүрсэн.
Гэсэн хэдий ч хууль батлагдсанаас хойш 18 жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар, хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулахтай холбоотой хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, стандартчилал, нийгмийн эрүүл мэнд зэрэг бусад салбарын хууль тогтоомжууд шинэчлэгдэн боловсронгуй болсон.
Иймээс өнгөрсөн хугацаанд бий болсон ахиц дэвшлийг улам бататган сайжруулах, олон улсын чиг хандлага, сайн туршлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ШААРДЛАГА:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуульд 2008 оноос хойш 2011–2023 оны хооронд нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний түвшин буурахгүй, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй хэвээр байна.
Тухайлбал, 2021–2025 оны хооронд үйлдвэрлэлийн осолд өртсөн, амь насаа алдсан иргэдийн тоо өндөр хэвээр байгаа нь хууль эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэх шаардлагатайг харуулж байна .
Мөн Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ХАБЭМ-ийн суурь 155 дугаар, уул уурхай, барилгын салбарт хамаарах 176, 167 дугаар конвенцуудад нэгдсэнтэй холбоотойгоор олон улсын шаардлагад нийцүүлэх хэрэгцээ бий болсон.

ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ГОЛ ЗОРИЛТ
Хуулийн шинэчилсэн найруулгаар:
- ХАБЭМ-ийн үндэсний бодлого, удирдлага, хяналтын тогтолцоог бэхжүүлэх
- Ажлын байранд эрсдэлд суурилсан удирдлагыг нэвтрүүлэх
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг бизнес эрхлэгчдийг ХАБЭМ-ийн зохицуулалтад хамруулах
- Цахим удирдлагын нэгдсэн системийг бүрдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн.
ХУУЛИЙН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ
Одоогийн хууль 9 бүлэг, 37 зүйлтэй бол шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг, 64 зүйлтэй болж, зохицуулалтыг илүү тодорхой, давхардалгүй болгохоор тусгасан.
Тухайлбал:
- ХАБЭМ-ийн үндэсний тогтолцоог бие даасан бүлгээр зохицуулах
- Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тусгай бүлэгт нэгтгэх
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээлэл, сэргээн засах тусламжийг цогцоор нь зохицуулах болсон нь онцлог юм.
ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ
Хуулийн төсөлд ажлын байрны:
- хязгаарлагдмал орчин,
- өндрийн ажил,
- биологийн болон эргономикийн хүчин зүйл,
- нийгэм, сэтгэл зүйн орчин зэрэгт тавих шаардлагыг шинээр тодорхой тусгаж, эрсдэлийн үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрүүл мэндийн үзлэг, тандалтыг уялдуулан хэрэгжүүлэхээр тусгасан.
Мөн ХАБЭМ-ийн удирдлагын цахим систем нэвтрүүлж, үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдол, сургалт, эрсдэлийн үнэлгээ, хөдөлмөрийн эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэн хяналт тавих боломж бүрдүүлэхээр тусгасан байна.
ДААТГАЛ, СЭРГЭЭН ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэлттэй уялдуулж, эрсдэл бууруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, урамшуулал олгох механизмыг тусгасан.
Түүнчлэн осол, өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд сэргээн засах, сувиллын тусламж, үйлчилгээ үзүүлэх зохицуулалтыг илүү тодорхой болгожээ.
ЦААШДЫН АЖИЛ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг хуулийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт өргөнөөр оруулж, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч, иргэдийн саналыг тусган сайжруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.