Дарханы замын ажилд Хятадын компанийг оролцуулахын тулд хахууль өгсөн З.Буяннэмэхийг шалгаж дуусав

Дарханы замын ажилд Хятадын компанийг оролцуулахын тулд хахууль өгсөн З.Буяннэмэхийг шалгаж дуусав

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг оролцуулах, улмаар туслан гүйцэтгэгчээр өөрийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг ажиллуулах боломжийг бүрдүүлэхийн тулд бусдад хахууль өгсөн З.Буяннэмэхийг нэмж шалгаж дуусжээ.

Тэрбээр уг тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд бэлнээр гурван сая төгрөг, 60 саяын үнэлгээтэй “Лексус RX-350” загварын автомашиныг хамаарал бүхий хүнийнх нь нэр дээр шилжүүлэн хахууль өгсөн байдаг. Мөн З.Буяннэмэхийн үүсгэн байгуулсан “Жиансу Жунжиа Жианшин”, “Альфа ассет менежмент”, “Алмоне ойл” ХХК нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөр төлөх ёстой байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүнд хилийн хориг тавьсан юм билээ. Үүнийгээ түр цуцлуулах зорилгоор НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэнд З.Буяннэмэх 600 000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүх З.Буяннэмэхэд холбогдох хэргийг 2024 оны нэгдүгээр сард хэлэлцээд 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол дээд шатных нь шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан билээ. Уг нэмэлт ажиллагааг нь дуусгаад ийнхүү дахин яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.