ГБХЗХГ-ын дарга асан Г.Батдоржийн хэргийг шүүхэд шилжүүлэв

ГБХЗХГ-ын дарга асан Г.Батдоржийн хэргийг шүүхэд шилжүүлэв

“Ковид-19” цар тахлын жилүүдэд манай төрийн эрх бүхий албан тушаалуудад ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хүмүүс томилж, тэдний зарим нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь бий. Ийм нэг албан тушаалтны хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын даргаар ажил­лаж байсан Г.Батдорж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, цар тахлын үед шууд гэрээ байгуулан бараа, ажил, үйлчилгээ худалдан авч бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогджээ.

Булган аймгийн хөгжил дэвшил, хүн амын сайн сайхан амьдрах боломжийг бий болгохын төлөө төсөл, хөтөлбөр санаачлах, зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, Монгол Улс болон олон улсын хэмжээнд сурталчлах үйл ажиллагаа явуулахаар Х.Энхбат гэх хүний үүсгэн байгуулсан “Булган инновац клуб” НҮТББ-тай нөлөөллийн аяны сурталчилгаа хийх гэрээг Г.Батдорж шууд байгуулсан аж. Ингэхдээ гэрээ шууд байгуулах нөхцөл бий болоогүй байхад Х.Энхбатын байгуулсан төрийн бус байгууллагатай гэрээ хийж, төлбөрийг нь шилжүүлсэн аж. Түүгээр ч зогсохгүй, бусад байгууллагатай хийсэн гэрээнийхээ төлбөрийг дээрх төрийн бус байгууллагын дансаар авч бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Х.Батдоржийг буруутгаж буй юм.

Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3-ын “Нийтийн албан ту­шаал­тан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.