“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шүүх хурлыг хойшлууллаа

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн давж заалдах шүүх хурлыг хойшлууллаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байв. Гэвч анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн захирал Г.Батдорж болон Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Г.Одонтуул нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, “Газимпорт” ХХК-ийн П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх нар өмнөх шүүх хурал дуусаагүй, үргэлжилж байгаа учраас энэ хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан юм.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн дээрх гурван өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, гуравдугаар сарын 2-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх есдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ингэхдээ 42 шүүгдэгчээс 19-ийг нь гэм буруутайд тооцож, 23-ыг нь цагаатгасан.

Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, шүүгдэгч Н.Батбаяр, Т.Мөнхтулга болон “Ганхүдэр орд” ХХК-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн билээ. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Тус банканд болон ТУЗ-д ажиллаж байсан Б.Даажамба, Б.Баярмагнай, Ц.Билгүүн, Н.Сүхболд нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 7-11.5 сая төгрөгөөр торгох ял оноосон. Мөн “Инжир”-т 245 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1-2 жилээр хассан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.