“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. 50 эргэм насны эр уриалгахан гэгчээр “За аа, чөлөөт бүс орж архи авах нь уу. Хаанаас хаа хүрч явна?" гэж асуугаад, "Одоо ч сар шинэ дөхсөн, дугаарлалт ч тоймгүй дээ. Дор хаяж 2-3 цаг дугаарлана. Алтанбулагийн наад дэнж даваад төв зам дээрээс автомашины дугаарлалт эхэлсэн байгаа” гэлээ.
Нээрээ л түүний хэлснээр дугаарлалт бараг 1-2 км үргэлжилсэн байлаа. Таксны жолооч Х.Б нь 30 гаруй жил Алтанбулагт амьдарч байгаа нэгэн юм. Тэрээр сүүлийн 10 орчим жил энэ хооронд таксигаар хүн зөөхийн зэрэгцээ хүргэлтийн үйлчилгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл, тэрээр Чөлөөт бүсээс оруулж нэг дор бөөгнүүлсэн архи болон бусад төрлийн согтууруулах ундааг цуглуулагчаас захиалагч руу тээшинд хүргэж илгээдэг хүргэлтийнхний нэг. Тэрээр сард хоёр удаа рейс хийдэг. Нэг удаадаа 10 гаруй хайрцаг архи хүргэдэг. Түүний хүргэсэн архи Дорноговь, Хөвсгөл, Архангай, Ховдын Дарви сумын дэлгүүрээр тардаг байна. Сар шинийн өмнө хөдөөгийн “8 нэрийн” барааны дэлгүүр, супермаркетуудад нэр, гарал үүсэл тодорхойгүй гадаад улсын архи, вискигээр дүүрдэг нь үүнтэй холбоотой аж. Түүн шиг хүргэлт хийдэг 30 орчим хүн байдаг гэлээ. Ингээд бодохоор сард ойролцоогоор нэг хүргэгч 20 хайрцгийг вагоны тээшинд хийдэг гэвэл 30 хүн 600 хайрцаг архийг орон нутаг болон Улаанбаатар хот руу хүргэдэг байх нь. Бараа эцсийн захиалагчид очих хүртлээ ямар нэгэн эрсдэлгүй, дутаахгүй очих хариуцлагыг тэд бүрэн даадаг байна. Үүнийхээ хариуд тохирсон хөлсөө авдаг аж.
Хуурамч архины урсгал тасрахгүй үргэлжилсээр...
Иргэн Х.Б-ийн ярьснаар орон нутгийн иргэд болон жолооч нар чөлөөт бүс рүү өдөрт хэд хэдэн удаа нэвтрэн хоёр литр хүртэлх архи хувийн хэрэгцээний зөвшөөрөгдөх хэмжээ нэрийдлээр авч гардаг аж. Эдгээр хүмүүсийг цуглуулагчид гэдэг. Тэд эргэн тойрны болон ах, дүү, хамаатан садныхаа регистрийн дугаарыг цуглуулж улмаар Гаалиас өгдөг зөвшөөрлийн цагаан бичгээр Чөлөөт бүсээс татваргүй архи авч захиалагч руу нийлүүлдэг. Цагаан сар, шинэ жил, наадам, найр наадмын цагаар зөвшөөрлийн бичиг 15-20 мянган төгрөгт хүрдэг. Нэг үгээр хэлбэл, цагаан бичиг шаглагчид, цуглуулагчид, хүргэлтийнхэн, эцсийн захиалагч гэсэн схемээр явсаар эцсийн хэрэглэгчдэд уг архи, согтууруулах ундаа нь 3-4 дахин нугалсан үнээр хүрч байна. Нөгөөтэйгүүр, тухайн архи, виски ямар улсын ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн, гарал үүсэл зэрэг нь тодорхойгүй байгаа нь хуурамч уу, хортой юу гэдгийг ч иргэд мэдэхгүй гараас гарт дамжуулан энэ мэтээр худалдан борлуулсаар байна. Зөвшөөрөгдсөн хоёр литр хор болоод зогсохгүй далд бизнес ч болсоор.
Хуурамч, гарал үүсэл тодорхойгүй архийг Монголд оруулж ирэхдээ үндсэндээ гурван чиглэл, сувгийг ашиглаж байгааг хууль хүчний байгууллагууд илрүүлэн мэдээлдэг. Нэгдүгээр суваг нь ийнхүү ОХУ-ын хил Алтанбулаг чөлөөт бүс юм. Монгол, Оросын хилийн Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин онцгой албан татваргүй, хямд үнэтэй архи их хэмжээгээр оруулдаг зохион байгуулалттай сүлжээг илрүүлж бүрмөсөн таслан зогсоосон тухай Цагдаагийн байгууллагаас 2023 онд мэдээлж байсан ч өнөөдөр энэ сүлжээ, схем амь бөхтэй оршсоор байгааг дээрх баримт илтгэж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 2023 онд дээрх схемээр Улаанбаатар хот болон аймгуудад үйл ажиллагаа явуулдаг зарим дэлгүүр, баар цэнгээний газрууд уг хууль бус сүлжээнд захиалга өгч, 5000 орчим хүнийг хамарсан “мафи” сүлжээгээр сар бүр дор хаяж 10 мянган шил архийг татваргүй оруулж, тараадаг байсныг илрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ганцхан удаагийн шалгалтаар 10 мянга шахам шил спиртийн төрлийн ундааг хураан устгалд оруулж улмаар энэхүү сүлжээг таслан зогсоосон гэдэг. Ингэснээр олон хууль, дүрэм зөрчсөн далд бизнес ил болж, төрийн байгууллагууд хамтран уг сүлжээг хаах, цаашид гааль, хил дээр хяналтыг чангатгах арга хэмжээ авсан тухай мэдээлж байсан. Гэвч өнөөдрийн /2026.01.30,31/ дүр зургаар бол энэ сүлжээ байсаар байгааг илтгэнэ. Тэгэхээр нэг иргэнд зөвшөөрсөн “хоёр литр” гэх эрх, хор ч болсоор, татваргүй далд бизнесийг ч дэмжсээр байгааг илтгэж буй юм.
Хилээр дамжин орж ирдэг гол сувгуудын нэг Казахстан
Монгол Улс Казахстантай шууд хиллэдэггүй ч тус улсад үйлдвэрлэсэн хямд үнэтэй архи, спиртийн төрлийн ундаа Оросын болон Хятадын замаар дамжин Монголд нэвтэрч буй нь илэрчээ. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сард Эрүүгийн цагдаагийн алба нэгэн зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлсэн байна. Тэд Казахстан Улсаас гаралтай хуурамч архи, согтууруулах ундааг хууль бусаар хилээр оруулж ирэн, улмаар хуурамч онцгой албан татварын тэмдэг нааж дотоодын зах зээлд борлуулдаг байжээ. Энэ бүлэглэл нь мөн дотоодод зөвшөөрөлгүйгээр архи үйлдвэрлэж, гаргасан бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын захын хороолол дахь дэлгүүрүүдээр тараан худалдаалж байсан нь тогтоогдсон байна. Иймд Казахстаны спиртийн хууль бус урсгал нь ихэвчлэн ОХУ-ын хилийн сувгаар буюу Алтанбулагийн чөлөөт бүсийн сүлжээ, зарим тохиолдолд БНХАУ-аар дамжин орж ирдэг болохыг дээрх баримтууд харуулж байна.
Гаалийн ерөнхий газрын хяналтаар 2025 оны II сард Гаалийн тухай хууль зөрчин улсын хилээр согтууруулах төрлийн ундаа,нэвтрүүлсэн зөрчлийн улмаас 611 литр архи, 1318 л шар айраг, 35.5 литр виски хураагдсан байна. Өнгөрсөн оны үед энэ төрлийн зөрчлийн улмаас 1621 л архи 20 л спирт, хураагдаж байжээ. Харин 2026 оны тоо хараахан гараагүй байна гэж Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан онцолсон юм.
Хуурамч эсэхийг шалгахын тулд e.barimt цэсээр орж QR кодыг утсаар уншуулж мэдэх боломжтой
Татварын ерөнхий газраас импортоор оруулж ирж байгаа бүх төрлийн архи, согтууруулах ундааны бөглөөн дээрх Онцгой албан татварын тэмдгийг утаснаасаа уншуулахад дээрх бүх мэдээлэл гарч ирэх системийг нэвтрүүлсэн. Нэмээд тухайн импортын архи бүр дээр байдаг гадаад улсын бар код бүхий үргэлжилсэн олон тоо QR кодын мэдээллийг бөглөөн дээрх мэдээлэлтэй хамт нэгтгэх системийг хийж дууссан байна. Ингэснээр тухайн архины гарал үүслийг шошгоор нь мөрдөх боломжтой болох аж. Энэ оны эхний улирал багтаан бүх худалдан борлуулах цэгүүдэд уг системийг нэвтрүүлж дуусаж байгаа талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Б.Отгонбаяр ярьсан юм.
Хуурамч архины өсөлт, хохирол

Сүүлийн жилүүдэд ийнхүү Монгол Улсад хилийн чанад дахь эх үүсвэрээс “хуурамч” архи, согтууруулах ундаа хууль бусаар орж ирэх тохиолдол улам олширч, эрх бүхий байгууллагууд олноор илрүүлэн хураасаар байна. Жишээлбэл, 2024 оны Цагаан сарын үеэр гаалийнхан ойролцоогоор 2.0 тонн хуурамч архи, виски, коньякийг хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн хурааж устгасан байна. Мөн 2025 оны хоёрдугаар сарын дунд гэхэд л нийт 540 орчим литр хуурамч архи, вискиг хил дээр илрүүлэн саатуулжээ. Тэгвэл 2025 онд Цагдаагийн байгууллага, Татварын албаны эрх бүхий алба хаагчид хамтарч нийт 9626 аж ахуйн нэгж, 15224 иргэнийг шалгаж, нийт 11 гэмт хэрэг, 424 зөрчил илрүүлсэн байна.Зөрчлөөр 8222 ширхэг буюу 10558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ.
370 цахим орчинд архи худалдаалж байсан байна
2026 он гарсаар чөлөөт бүсүүдээр нэвтэрч орж ирсэн архи болон бусад согтууруулах ундааны зүйлсийг Цахим орчинд /Facebook/ гар дээрээс худалдаалах байдал өмнөх жилүүдээс нэмэгдсэн байна. Энэхүү архи согтууруулах ундааны хууль бус худалдаа, хүргэлтийн үйлчилгээг таслан зогсоох чиглэлээр цахим орчинд 370 групп, хаягийг хяналтад авч, 308-ыг шалган, дөрвийг нь хаалгаж, 2964 иргэн, 1182 аж ахуйн нэгж, 3612 тээврийн хэрэгсэл шалгаж, 34 зөрчил илрүүлэн, 134 ширхэг 80 литр архи, 382 ширхэг 294 литр шар айраг, бусад 12 ширхэг 13 литр согтууруулах ундааны зүйл хурааж, нэг аж, ахуйн нэгжийг 5.0 сая төгрөгөөр, таван иргэнийг 2.5 сая төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.
Үргэлжлэл бий.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.