Шүүх дээр гацсан Морингийн давааны ДЦС-ын төсөл
Ерөнхий сайд Г.Занданшатар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар өчигдөр Тавдугаар цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж, 300 МВт-ын хүчин чадалтай станц 2028 оны тавдугаар сардаа багтаад ашиглалтад орно гэсэн чихэнд чимэгтэй мэдээг нийслэлчүүдэд дуулгасан.
Зэрэгцээд нэг таагүй мэдээлэл чих дэлссэн нь, Морингийн даваанд баригдах байсан хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх 34 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл шүүх дээр “гацсан” тухай байв.
Уг цахилгаан станцыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон “Нааново грийн энержи” ХХК шүүхэд хандсанаар тендерт шалгарсан БНХАУ-ын хөрөнгө оруулагч тал оролцохоос татгалзжээ.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих асуудал өнгөрсөн оны дундаас олон нийтийн анхааралд орж ирсэн.
Улмаар сонгон шалгарууллатад
“Наанова грийн энержи Монголиа” ХХК,
“Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК,
“Шанхай Эс Юу Эс” ХХК гэх гурван оролцогч саналаа ирүүлсэн байдаг.
Дээрх гурваас БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгарч, ашиглалт, засвар үйлчилгээ, удирдлагын бүх ажиллагааг иж бүрэн хариуцах нөхцөлтэйгөөр ажлаа эхлүүлээд явж байв. Тодруулбал, төслийн талбайн газар чөлөөлөлтийг 70 гаруй хувьд хүргэж, ирэх дөрөвдүгээр сард барилгын ажил нь эхлэх гэж байжээ.
Гэвч сонгон шалгаруулалтын нэг оролцогч болох “Нааново грийн энержи Монголиа” ХХК шүүхэд гомдол гаргаснаар ийнхүү гацаанд оржээ.
“Нааново грийн энержи Монголиа” ХХК нь 2018 оноос хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг бие даан хэрэгжүүлж байсан бөгөөд найман жил хөгжүүлж, барьж эхлэх гэж байтал Нийслэл дундаас нь оролцож, анхнаасаа маш өндөр шаардлага бүхий сонгон шалгаруулалт зарласан, мөн утааны хийг цэвэрлэх системийг БНХАУ-ын байгаль орчныг хамгаалах хуулийн дагуу буюу БНХАУ-ын стандартаар хийх шаардлага нь Хятадын компанийг дэмжсэн шинжтэй хэмээн Нийслэлийг буруутгаж буй.
Харин төслийг хамтран хэрэгжүүлэгч /Нийслэл энэ төсөлд 20 хувийн эзэмшилтэй байна/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ гэж байсан чинь шүүх дээр гацаачихсан. Үндэслэл нь инээдтэй. Бид “34 МВт-ыг гарга” гээд байхад “Бодь” группын нэг нөхөр “14 МВт-ыг нийлүүлнэ, миний зөв” гээд шүүх дээр гацаачихсан. Тэгсэн чинь хөрөнгө оруулагч нар нь “За больё оо, бид 100 хувь мөнгөө гаргах гэж байгаа юм чинь ийм эрсдэлтэй юманд оролцохгүй” гээд ойлгомжгүй байдал үүсчихээд байна” гэсэн юм.
“Нааново грийн энержи Монголиа” ХХК-ийн мэдээллийг судалж үзвэл тус компани өдөрт 300 орчим тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж байжээ. Өөрөөр хэлбэл 14 орчим МВт-ын хүчин чадалтай станц байгуулах гэж байсан нь үнэн байна. Мөн СХД-ийн 32 дугаар хороонд барихаар төлөвлөж байжээ.
Эндээс, “Нааново грийн энержи Монголиа” ХХК яагаад өөрийнхөө замаар явалгүй, Нийслэлээс зарласан тендерт оролцож, улмаар шүүхэд хандаж төслийг гацаах нөхцлийг бүрдүүлэв гэдэг асуулт гарч байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хүчин чадлын хувьд ч, стандартын хувьд ч маш өндөр шаардлагатай, ялагдах нь тодорхой сонгон шалгаруулалтад оролцолгүй үлдэх боломж байгаагүй юу гэдэг асуулт анхаарал татна.
Өөрөөр хэлбэл, газраа авсан, станц барьж эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрлөө авсан, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан компани Морингийн давааны 34 МВт-ын станцын төсөлд оролцож, улмаар төслийг гацаан хөрөнгө оруулагчдыг татгалзах хэмжээнд очуулж байгаа нь харамсалтай байна.
Нийслэлчүүдийн хувьд хөрөнгө оруулагч хэн байх нь онцын чухал биш, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэх нь чухал байна. Нэг биш хоёр хог шатаах станц ашиглалтад орвол сайн.
“Нааново грийн энержи Монголиа” ХХК нь 2018 онд байгуулагдсан. “Нааново Групп Монголиа”, Цэвэвийн Эрдэмбилэг, Лувсанвандангийн Сарангэрэл нарын эзэмшилд байдаг. Л.Сарангэрэл нь “Бодь” группын үүсгэн байгуулагчдын нэг Л.Болдын төрсөн эгч юм.
"Редакцийн бус нийтлэл"
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.