Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ

Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ

Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ. Тэрбээр БНСУ-аас ирсэн чингэлэгт 2024 оны гуравдугаар сарын 26-нд хяналт шалгалт хийлгүйгээр гаалийн байгууллага үйл ажиллагаандаа ашигладаг CAIS системд Улаанбаатар хот дахь гаалийн газрын улсын ахлах байцаагч Н.Нямдаваагийн цахим эрхээр нэвтэрч зөвшөөрөл олгосон аж.

Ингэснээр тухайн чингэлгийн эзэн Л.Чинтуяад 21.1 сая гаруй төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлж өгчээ. Уг чингэлгийг хүлээн авагч нь гаальд мэдүүлэхдээ дөрвөн нэр төрлийн бараа болох хуучин буйдан гурав, хувцасны шүүгээ 10, хуучин амортизатор 33, гүйлтийн хуучин зам 38 ширхэг, нийт 11 370 кг ачаа байгаа гэж бүртгүүлжээ. Үүнийг нь Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас дахин шалгуулахаар болсны дагуу Л.Чинтуяаг байлцуулан чингэлгийг нээж үзэхэд автомашины 503 дугуй, KIXX брэндийн моторын тос 870 сав, “Delkor” нэрийн аккумлятор 590 ширхэг байсан бөгөөд нийт барааны жин нь 20 540 кг болжээ.

Тиймээс гаалийн байгууллагынхан 21.1 сая төгрөгийн гаалийн татвар, 10.5 саяын торгууль ногдуулж, Л.Чинтуяагаар нөхөн төлүүлсэн байна. Шалгалтаар ажлын цаг дууссаны дараа Л.Чинтуяа нь М.Батсаруулыг танил талаар нь дамжуулан гуйж байгаад бараагаа авсан бөгөөд энэ үед уг гаалийн байцаагч нь хамт ажилладаг Н.Нямдаваагийнхаа эрхээр системд нэвтэрч зөвшөөрөл олгосон нь тодорхой болжээ. Тиймээс Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас М.Батсаруулыг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн гэнэ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд уг хэргийг хэлэлцээд Л.Чинтуяаг цагаатгасан байна. Харин гаалийн улсын байцаагч М.Батсаруулын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэжээ. Уг шийтгэх тогтоолыг прокурор эсэргүүцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, хоёр холбогдогчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзсэн ч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.