Д.Тогтохсүрэнг хятадуудаас онц их хэмжээний хахууль авсан хэрэгт нэмж шалгаж байна

Д.Тогтохсүрэнг хятадуудаас онц их хэмжээний хахууль авсан хэрэгт нэмж шалгаж байна

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаанд цагдан хориод байна. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”,  22.10.1-ийн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр хуучнаар “Монголросцветмет” буюу өнөөгийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал болсноосоо хойш албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүүдэд холбогдсон байдаг. Тодруулбал, Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай байж болзошгүй аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс  тээврийн үйл ажиллагаанд оролцож, өндөр дүнтэй ашиг олдог байх магадлалтай гэх баримт, мэдээллийн дагуу хууль сахиулах байгууллагынхан шалгаж буй.

Тэгвэл түүнийг өөр зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан нэмж шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлснээр, Д.Тогтохсүрэнг холбогдуулан одоо шалгаж буй дээрх хоёр зүйл заалт дээр нэмээд Эрүүгийн хуулийн 22.4.4 дэх хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд онц их хэмжээний хээл хахууль авсан гэх зүйл заалтын дагуу яллагдагчаар тооцсон аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрээс нь нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураасан бөгөөд эх үүсвэрийг нь шалгах явцад хятадуудаас гаралтай нь батлагдаж буй сурагтай. Өөрөөр хэлбэл, хятадууд 400 сая гаруй төгрөг өгснөөс тодорхой хэмжээнийх нь Д.Тогтохсүрэнд хээл хахууль болж очсон гэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.