Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгаад хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь эргэж харах ёстойг анхаарууллаа.
Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн автозамын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн.
Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.