🔴Ж.Энхбаяр: Бизнес эрхлэгчдийн асуудлыг зохицуулж, төрийн шинэ хяналтыг нэгтгэн зохион байгуулна

AI хөрвүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг байгуулж, албан ёсоор нээв.

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Монгол Улсын Засгийн газар бизнест ээлтэй, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулалтад таатай бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний тулд бизнесийн эрх ашгийг хамгаалах төвийг яаралтай ажиллагаанд оруулж, зохион байгуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгосон. Ингээд бид нэг сарын дотор бэлтгэл ажлаа хангаад, өнөөдөр нээлтээ хийж байна.

Нэгдүгээрт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа энд явагдана. Ялангуяа гарч байгаа хууль тогтоомж, шийдвэрт хувийн холбоод, бизнесийн байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллана. Хоёрдугаарт, бизнест тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүд их байна. Төрийн алба, байгууллагуудын харилцан уялдааг хангаж, зохицуулалтыг ойлгомжтой, тодорхой болгох хэрэгтэй. Нөгөө талаар өмчийн эрх, бизнесийн нэр хүндийг хамгаалах асуудал байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтын нэг цэгийн үйлчилгээ байгаа. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгж энд хөрөнгө оруулалтаа бүртгүүлээд, гэрчилгээгээ авна. Өөрийн эрх ашигтай холбоотой маргаан, гомдол, чирэгдэл болон Монгол Улсын хууль тогтоомжтой танилцах дараагийн үе шат Эрх ашгийг хамгаалах төв дээр уялдана. Эдийн засаг, хөгжлийн яам энэ бодлогыг дэмжиж, асуудлыг нь зохицуулна.

Энэ хаврын чуулганаар Монгол Улсын эдийн засгийн орчныг хамгаалсан, бизнесийг дэмжсэн, хөрөнгө оруулалтыг урамшуулсан, хүнд суртлыг арилгасан, төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулсан хуулиуд дээр бид нар төвлөрч ажиллана гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.