🔴Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагч Монгол Улсад гомдсон
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг байгуулж, албан ёсоор нээв.
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
-Монгол Улсын эдийн засгийг хурдасгах, тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал хөрөнгө оруулагчтай шууд холбоотой. Үүн дотроо хувийн хэвшлийн хүчин чармайлт, манлайллын дор энэ үйл ажиллагаа өрнөх ёстой.
Бодитойгоор хэлэхэд өнөөдөр хөрөнгө оруулалтын нөхцөл байдал тийм сайнгүй байна. Монгол Улсын эдийн засагт орж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бага байгаа. Бид эдийн засгаа тэлэхэд хөрөнгө оруулалтыг зайлшгүй татах, нэмэгдүүлэх ёстой. Иймд өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулалттай харьцаж ирсэн харилцаа, эрх зүйн орчин зэрэг олон зүйл дээр Засгийн газар дүгнэлт хийсэн. Ингээд хөрөнгө оруулалтад таатай, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд эрх зүйн томоохон өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэн ажиллаж байна.
Энэхүү төв нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө гол бодлогоо боловсруулж ажиллах болно. Хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн мэдээлэл өгч, ил тод байдлыг хангаж ажиллана.
Гол нь хөрөнгө оруулагчдын гомдол, саналын асуудал. Өнгөрсөн хугацааны сургамж бол маш олон хөрөнгө оруулагч Монгол Улсад гомдсон. Бизнесээ алдсан, хөрөнгө оруулалтаа татсан, залилуулсан.
Маргаан нь шүүх, хууль хяналтын байгууллага дээр удаж, дунджаар таван жил зарцуулж байгаа. Иймд Засгийн газраас хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд энэ төвийг байгуулж байгаа юм. Бид шүүх шатанд очихоос өмнө хөрөнгө оруулагчдынхаа дуу хоолойг сонсож, гомдлыг шийдвэрлэж, тэдний төлөө дуу хоолой нь болж, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна.
Нөгөө талаар эдийн засаг, бизнес, үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг боловсруулах, түүнд оролцох оролцоог хангах ёстой. Өнөөдөр бизнесийн харилцааг зохицуулж байгаа 200 гаруй хууль байна. Үүн дотор гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой 40 гаруй хуулийн зохицуулалтаар бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан дүрэм, журмууд байна. Хуулиас давсан дүрэм, журам, зөвшөөрөл, мэдэгдлүүд байна. Үүнийг нэг мөр шийдвэрлэх үүднээс бид Эрх зүйн хуулийн томоохон төслийг өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар хэлэлцээд, батлах байх гэж найдаж байна.
Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, өмчийн халдашгүй дархан байдлыг хамгаалах ёстой. Мөн эдийн засагт төрийн оролцоог зохистой хэлбэрт нь байлгах, хувийн хэвшил, төрийн зааг ялгааг тодорхой болгохын тулд бид хувийн хэвшлийнхээ дуу хоолойг сонсож, мэргэжлийн холбоодтойгоо байнга хамтран ажиллаж, тэдний эрх ашгийг хамгаалахыг Эдийн засаг, хөгжлийн яам 2026 онд нэн тэргүүнд тавьж ажиллана гэв.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адъяа:
-Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс бид 2026 онд ерөнхий гурван чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
Нэгдүгээрт, мэдээж хууль эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох. Хоёрдугаарт, Монгол Улсад гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт татах бүх боломжийг эрэлхийлнэ. Гуравдугаарт, хувийн хэвшлийн амжилтын түүхийг бид сурталчлах хэрэгтэй байна. Монгол Улсын хөгжлийг хувийн хэвшил авч явж байгаа шүү. Хувийн хэвшлийн энэ амжилттай явж байгаа түүхүүдийг бид бүгдээрээ таниулан сурталчлах шаардлагатай байна.
Өнөөдөр нээлтээ хийж байгаа Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийн үйл ажиллагаанд манай танхимын зүгээс нягт хамтран ажиллана. Одоог хүртэл шийдэгдээгүй байгаа, маш ихээр хуримтлагдсан гомдлуудыг 2026 онд шийдэж, нэг талд нь гаргаж өгөхийг яамнаас хүсэж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.