Замын-Үүдийн чөлөөт бүсийг цэгцэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр) Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. Энэ хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцжээ.
2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч ердөө 15 нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Чөлөөт бүсэд өдөрт дунджаар 400 гаруй хүн, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа юм байна. 2025 онд 3.6 сая ам.долларын борлуулалт хийжээ.
2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийжээ. Гэвч уг бүтээн байгуулалтын туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа учраас ашиглаж чадалгүй есөн жилийн нүүрийг үзэж байгаа талаар чөлөөт бүсийн удирдлагууд танилцуулжээ.

Хэрэв суурилагдсан дэд бүтцээ ашиглавал зардал хэмнэх, иргэд, аж ахуйн нэгжүүд тохилог таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Өнөөдөр чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүд дулаанаа цахилгаанаар шийдэж байгаа юм байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөт бүсийн үйл ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийж, олон улсын туршлага, бүс нутгийн онцлог, давуу талд нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийхийг тус бүсийн удирдлагад үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.