Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт нар Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн тэргүүнтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.
Талууд нийслэл Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар саналц солилцлоо. Сөүл Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ким Чун Гүн Сөүл хот Улаанбаатар хоттой нягт хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэ удаад хүн ам хамгийн ихтэй Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотоос ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 2040 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх төлөвлөгөө гаргасан. Иймээс цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт Баянзүрх дүүргийн хувьд хамгийн их хүн амтай, ногоон байгууламжийн хувьд бусад дүүрэгт үлгэр жишээ дүүрэг. Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлыг оновчтой тодорхойлж ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэлээ.
Сөүл хот уг цэцэрлэгт хүрээлэнд Солонгосын соёлын өдөрлөг, төрөл бүрийн фестивал, наадам, арга хэмжээ зохион байгуулж 2 улсын харилцаа, соёлыг нэг шат ахиулах боломж бүрдэхийг онцоллоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.