Агаарын хөлгийн эд ангийг эвдсэн, нислэгт саад учруулсан эрд ял шийтгэв

Агаарын хөлгийн эд ангийг эвдсэн, нислэгт саад учруулсан эрд ял шийтгэв

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 2025 оны долоодугаар сард Туркийн Истанбул хот руу ниссэн агаарын хөлгийн зорчигч Х.Анхбаяр гэх эр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нисэх багийн гишүүдтэй зүй бусаар харилцаж, улмаар нислэгийн үйл ажиллагаанд саад учруулан, агаарын хөлгийн эд хөрөнгийг гэмтээжээ.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгчид түүнд холбогдох хэргийг шалгасан байна. Х.Анхбаярт Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8-1 дэх хэсгийн эд хөрөнгө устгаж, гэмтээсэн, 27.4-1-т “Агаарын хөлгийн нислэгийн үед нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож хэвийн үйл ажиллагааг саатуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд дээрх хоёр зүйл, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван сарын хугацаанд оршин суух дүүргийнх нь нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэв.

Мөн агаарын хөлөгт учруулсан хохиролд 17.8 сая төгрөг нөхөн төлүүлэхээр болсон байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

болд 1 өдрийн өмнө
7р сард болсон хэргийг одоо л шийдэж бгаа юмуу.