Ж.Энхбаяр: Төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилт, төлөвлөгөөтэй танилцжээ.
Уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрбээр төрийн хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, ил тод, хариуцлагатай байдлыг хангах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсныг онцлов.

Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгжийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай, нэгдсэн байдлаар хүлээн авч шийдвэрлэх зорилгоор өргөдөл гомдлын нэгдсэн системийг ашиглалтад оруулсан талаар онцоллоо. Мөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт иж бүрэн үнэлгээг анх удаа хийж, бодит нөхцөл байдалд суурилсан дүгнэлт, зөвлөмж боловсруулсан нь салбарын эрх зүйн орчныг сайжруулахад чухал алхам болсныг тэмдэглэлээ.
Түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас шалтгаалан гарч буй хүний эрхийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-той хамтран ажиллаж байгааг танилцууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь төрийн хяналт шалгалтыг хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх, иргэний эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг дурдсан юм.
Монгол Улсын Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоож, бодлогын хэрэгжилт, үр нөлөөг үнэлсэн гэв. Түүнчлэн БНСУ-ын КОЙКА агентлагийн шугамаар хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлагуудад чиглэл болгов. Тэрбээр төрийн хяналт шалгалт давхардалгүй, уялдаа холбоотой, бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн байх ёстойг онцлон тэмдэглэлээ. Үүний тулд салбар хоорондын зохицуулалтыг сайжруулж, хяналт шалгалтын төлөвлөлт, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатайг онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.