"Нисдэг Шотланд" Майкл Ван Гэрвиний "хаанчлал"-ыг зогсоолоо
Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулдаг дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн тамирчин тунан үлдлээ.

Дөрөвдүгээр тойрог буюу шөвгийн 16-ны хамгийн оргил тоглолт бол мэдээж гурван удаагийн дэлхийн аварга Майкл Ван Гэрвин (36 нас) болон дэлхийн хошой аварга Гары Андерсон (55 нас) нарын дуэл байлаа. Дундаж оноо авалтаар Ван Гэрвин илүү байсан хэдий ч төгсгөлийг Андерсон амжилттай гүйцэтгэж "Нисдэг Шотланд" Андерсон 4:1 харьцаагаар ялалт байгуулсан нь энэ тойргийн онцлох шуугиант тоглолт байлаа. Сүүлийн 10 жилийн турш "босоо" байсан Ван Гэрвин шөвгийн 16-аас хасагдсан нь Нидерландчууд төдийгүй дартсын спорт сонирхогчдыг "шооконд" орууллаа.
Тэгвэл шинэ оны эхний өдөр шөвгийн 8-ын тоглолтууд явагдаж Нидерландын залуу од Гиан Ван Вийн дуулиан тарилаа. Тэрээр 2024 оны дэлхийн аварга Лук Намприсийг 5:1 харьцаагаар бут ниргэж хагас шигшээд шалгарлаа. Харин нөгөө талд Нидерландын супер одыг буулган авсан Гары Андерсон өөрийгөө "хуучин хэвэндээ" байгааг баталж, шөвгийн наймд дебют хийж буй Жастин Хүүдийг зогсоож чадсанаар хагас шигшээд бас нэгэн "Нидерланд тэсрэлт" болох Гиан Ван Вийнтэй оноолт таарлаа. Энэ тун үзүүштэй тоглолт болох нь дамжиггүй.
Өнгөрсөн жилийн аварга, "The Nuke" хочит Лук Литтлер 4-р тойрогт Роб Кроссийг (4:2), шөвгийн наймд Крисзтоф Ратажскиг (5:0) тус тус буулган авлаа. Тэрээр үзэгчдийн дэмжлэгийг дахин авч эхэлсэн бөгөөд хоёр жил дараалан түрүүлэх гол найдвар болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.