🔴Э.Болормаа: Илүү ирээдүйгээ харсан хянан шалгах түр хороог байгуулахыг зорьж байна

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын гишүүд хамтран нийгмийн даатгалын санг шалгах түр хороог байгуулахаар болжээ. Тэрээр энэ асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, түүний хяналтын тогтолцоо, үр ашиг, ил тод байдлыг шалгах түр хороог бидний 70 гишүүн санаачлан, өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьж байна. Олон нийтийн зүгээс нийгмийн даатгалын сан, тэтгэвэр тогтоолгох явц, тус сангийн санхүүгийн удирдлагатай холбоотойгоор олон санал гомдол ирдэг. Парламентын үндсэн нэг үүрэг нь хянан шалгах үүрэг байдаг. Энэ хүрээндээ нийгмийн даатгалын санг хянаж шалгах түр хороог санаачлан, өргөн барьж байгаа юм.

Нийгмийн даатгалын сан бол аливаа улс орны суурь нийгмийн гэрээ бөгөөд баталгаа. Энэ систем нь өөрөө нийтийн ашиг сонирхлыг хөндөж байгаа асуудал. Хамгийн гол нь олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэж, нэгдсэн ойлголтод хүргэх нь зүйтэй.

Бидний хувьд илүү ирээдүйгээ харсан хянан шалгах түр хороог байгуулахыг зорьж байгаа. Мэдээж өмнөхөө ярихгүйгээр ирээдүйгээ засаж залруулна гэдэг хэцүү болохыг залуу гишүүний хувьд ойлгож байна. Тэрнээс биш хэн нэгнийг буруутгах, олон нийтээр яллаж, попрох зорилго байхгүй гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.