🔴Л.Мөнхбаясгалан: Эрүүгийн хуулийн 13.14-р заалт нь Үндсэн хуулийн зарчмаас ухарсан заалт байсан
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг "Үндсэн хууль зөрчсөн" гэж ҮХЦ-ээс дүгнэсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү дүгнэлтийг хэлэлцэх гэж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны 10 дугаар дүгнэлтийг УИХ өнөөдөр хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ. Би үүнийг хүлээж авах ёстой гэж үзэж байна.
1992 онд шинэ Үндсэн хуулийг баталснаар бид хүний эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мөн ард түмний мэдэх эрхийг нээж өгсөн юм. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь цэцийн дүгнэлтээр хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байна. 28 жил сэтгүүлчээр ажилласан хүний хувьд ҮХЦ хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрхийн талаар анх удаа ийм дэлгэрэнгүй тайлбар гаргаснаараа онцлог гэж харж байна.
Энэ заалт нь мөн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үнэн бодит мэдээлэл дамжуулах, авлига, албан тушаалын хэргийн эсрэг эрэн сурвалжлах сэтгүүл зүй явуулах зэрэг бүх эрхийг хаасан. Түүнчлэн ард түмний мэдэх эрхийг хаасан гэж ҮХЦ үнэхээр гайхамшигтай дүгнэлт гаргасан. Энэ бол 1992 оноос хойш Монголын түүхэнд анх удаа болж буй үйл явдал.
Хүний алдар хүнд, нэр төрийг хамгаалах нь зөв ч, "Илт худал мэдээлэл түгээх" гэдгийг хуульд огт тайлбарлаагүй нь хууль тогтоогчийн алдаа болсон. Прокурор, цагдаагийн байгууллагад гүтгэлэг, худал мэдээлэлтэй холбоотой гомдол ирэхэд хоёр талын тэнцвэртэй байр суурийг хадгалдаггүй. Тухайн хүнийг цагаатгах, яллах хоёр талыг тэнцвэртэй барьж, нотлох баримт цуглуулах үүргээ умартан, шууд "Буруутай" гэж үздэг. Мөн Эрүүгийн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн таслан сэргийлэх арга хэмжээг дураараа авдаг. Иймд энэ заалт нь Үндсэн хуулийн язгуур үзэл санаа, хэвлэлийн эрх чөлөө, хүний мэдэх эрхийг хөндсөн, хууль тогтоогчийн алдаатай үйлдэл болсон гэж ҮХЦ түдгэлзүүлсэн.
УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн Дунд суудлын энэ дүгнэлтийг хүлээж авах ёстой. Хэрэв хүлээж авахгүй бол ҮХЦ-ийн Их суудал хуралдаж, хуульд шууд өөрчлөлт оруулна. Тиймээс энэ дээр эргэлзэх зүйл байхгүй гэж бодож байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь зөвхөн сэтгүүлчдэд бус, үг хэлж буй иргэн бүрт хамаатай. Хүний эрхийг хязгаарлаж болох ч, хуульд нийцүүлэн хязгаарлах ёстой. Гэтэл энэ заалт нь уг зарчмаа алдуулсан хууль гэдгийг ҮХЦ тогтоосон. Хэрэв УИХ-ын гишүүд үүнийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийнхаа суурь зарчмаас дахин гажиж, ардчилсан нийгмийнхээ үндсэн суурийг сулруулна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.