🔴Ч.Лодойсамбуу: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь иргэний үг хэлэх эрхийг зөрчсөн
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг "Үндсэн хууль зөрчсөн" гэж ҮХЦ-ээс дүгнэсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү дүгнэлтийг хэлэлцэх гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу Илт худал мэдээлэл тараах хэргээр эрүүгийн ял шийтгэх заалт бол хэн нэгнийг хамгаалдаг биш, ялладаг зохицуулалт гэж сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг байхаасаа харж ирсэн. Дээрээс нь, энэ хуулийн заалт өнөөдөр практикт хэн нэгнийг гүтгүүлэхээс, эсвэл худал мэдээллээс нийгмийг хамгаалах гэхээсээ илүүтэй, төр засгийг шүүмжилсэн, нийгэмд хамгийн их хэрэгтэй байдаг шүүмжлэлт сэтгэлгээтэй хэсгийг унтраах зорилгоор ашиглагдаж байна. Үүний нэг жишээ нь би өөрөө болж байсан. Өөрийнхөө бодлыг бичсэнийг минь "Худал мэдээлэл" гэж цагдаагийн байгууллага авч үзээд, онигоо болж байсан.
Судалгаанаас харахад, энэ заалт батлагдсанаас хойш 3000 гаруй хэрэг үүссэн. Энэ дотроос 60 орчим нь сэтгүүлч байсан. Бусад нь нийгэмд үзэл бодлоо илэрхийлдэг, нийгэмд шүүмжлэлт байр сууриас ханддаг хэсэг рүү чиглэсэн байсан.
Олон нийтийг мэдээлэлжүүлэх, мэдээлэлд илүү дархлаатай болгох төрийн бодлого явах ёстой болохоос биш, юунд ч хамаагүй итгэдэг хүмүүсээс болж мэдээлэл гаргаж байгаа хэсэг дээр нь цензур тогтооно гэдэг бол логик зарчмын хувьд буруу. Ашгүй сэтгүүлч нөхөд маань ҮХЦ-д мэдэгдэл гаргаад, "Үндсэн хууль зөрчсөн байна" гэж цэцээс дүгнэсэн. Одоо парламентаар хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүд, ялангуяа шинээр томилогдсон, залуу Их Хурлын дарга маань энэ дээр онцгой анхаараад, цэцийн шийдвэрийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
Яг ардчилсан эрх зүйт нийгэмтэй улсад мөнгөтэй хүн л гүтгэдэг. Нэр төр хохирсон гэж үзэж байгаа бол Иргэний хуулиар хохирлын хэмжээгээ тодорхойлоод, нэхэмжилж авах боломжтой. Энэ Иргэний хуулийн процесс их удаан, хохирол барагдуулахад хэцүү гэж хуульчид тайлбарладаг. Тэгвэл тэр шат дамжлагыг багасгах тал дээр л ажиллах ёстой.
Ямарваа нэгэн мэдээллийг хүлээж аваад, олон эх сурвалжаар баталгаажуулаад, үнэн худлыг нь тогтоох буюу анхны мэдээллийг боловсруулах дадлаас л гүтгэлэг алга болно. Тэрнээс биш худал мэдээлэл хэзээд байсан, хэзээд ч байна. Ямар ч тамын гал, цаазаар айлгаад энэ алга болохгүй. Харин хэн нэгнийг яллахад ашигладаг байдал хэрээс хэтэрсэн учраас энэ хуулийн заалтыг арилгах санаачилга гаргасан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.