🔴Х.Ганхуяг: Зөвшөөрөл нь шийдвэр гаргагчдын хувьд хар тамхи шиг болчихсон

AI хөрвүүлсэн
Иргэн, аж ахуйн нэгж бизнес эрхлэхэд зөвшөөрөл нэрээр хүнд суртал, авлигын хөрс болж байгаа зохицуулалтыг дахин цэгцлэхээр Шадар сайд Х.Ганхуяг нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн барьсан билээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний зах, дэлгүүр ресторан, цайны газар, кофе шоп, үсчин, гоо сайхан , хими цэвэрлэгээ, бялдаржуулах төв зэрэг үйл ажиллагааг зөвшөөрөл хүлээлгүй, мэдэгдээд ажиллах зохицуулалтыг хуульд тусгасан юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.
 

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг:

-Ер нь зөвшөөрөл гэдэг шийдвэр гаргагч нарын хувьд хар тамхи шиг болчихсон. Хүнийг барьцаанд байлгаж, янз янзын юм нэхдэг. Муугаар хэлбэл, авлига, албан тушаалын асуудал, хүнд суртал, тодорхой ААН-үүдийн эрх ашиг, зах зээлийг нь хамгаалах гээд олон асуудал байдаг. Тиймээс анх Зөвшөөрлийн тухай хуулийг батлуулаад, зөвхөн үндэсний аюулгүй байдал, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, төрийн нийтийн өмчийг ашиглахтай холбоотой 362 зөвшөөрлийг авч үлдсэн юм.

Өмнө нь 1600-1700 байснаас 362 болгосон ч хэрэгжилт дээр асуудал гарсан. Жишээлбэл, Зөвшөөрлийн тухай хууль дээр витамины импортыг хориглосон байхад салбарын эмийн хэрэгслийн хууль дээр "Зөвшөөрөлтэй" гээд үлдээчихсэн. Салбар бүрийн агентлаг, яам дээр мафийн сүлжээ шиг тогтолцоо үүссэн байна. Тийм учраас энэ удаагийн хуульд "Мэдэгдэл" гэдэг асуудлыг оруулж байгаа юм. Тусгай зөвшөөрлийн тоог бууруулаад, эрсдэл багатайг нь "Энгийн" рүү шилжүүлээд, мэдэгдлээр эрхэлж болох үйл ажиллагааг ялгаж өгсөн. "Би ийм үйл ажиллагааг эхлүүллээ" гээд эрх бүхий байгууллага руу мэдэгдэл хүргүүлэхэд л болно. Гэхдээ стандартын шаардлагыг хангуулна.

Энэ нэмэлт өөрчлөлт ер нь 3-4 жилийн хугацаанд байнга шинэчлэгдээд, мэдэгдлийн тоог нэмээд явах ёстой. Ингэж байж иргэд, ААН өөрсдөө сураад, хүнд сурталгүй үйл ажиллагаа эрхлэх боломжтой болно. Нэг талдаа хувийн хэвшилд эрх үүргийг нь ойлгуулж, нөгөө талдаа эрх мэдэлтнүүдийн гарын үсгээрээ хүнд суртлыг бий болгодог асуудлыг бууруулна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.