🔴Ц.Даваасүрэн: "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчилж болохгүй
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр арилжаалах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Эрчим хүч гэх стратегийн гол салбар бол Монгол орны гал голомт. Үүнийг хувьчлах нь аюултай зүйл. Хувьд очоод үнэ л өснө. Гэтэл өнөөдрийн ард иргэд, ААН-үүд энийг даах уу? Цахилгаан станцыг харь хүн авбал яах вэ? Стратегийн салбар учраас дайны үед хяналтдаа авч болзошгүй. Одоо бид нефть дээр зовж байгаатай адил эрчим хүч дээр ийм байдал үүсвэл яах юм бэ?
Эрчим хүчийг хувьчлах асуудалд анхааралтай хандах хэрэгтэй. Гадныхан авбал үнэ хязгааргүй өсөж, монопол үүснэ. Хоёрдугаарт, өнөөдөр улс орноо тэжээж байгаа "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой" гэсэн хоёрхон том компани байна. Ковидын үед энэ хоёр компани л цахилгаан, дулаан, түлшний үнийг төлсөн. Хувийнхан төлөөгүй. Хувьд очвол нийгмийн хариуцлага алга болно. Өмнө нь НИК, ХХБ зэрэг компаниудыг хувьчлахад нийгмийн том үүрэг нь алдагдаж, тэр хэмжээгээрээ татвараа төлөхөө больсон. Хувьд очвол хэдэн гэр бүл баяжаад л өнгөрнө.
Манай улсад бизнес эрхлэх боломж маш их. Бүх зүйлээ импортолж байна. Гаднаас авч байгаа юмнуудыг яагаад өөрсдөө үйлдвэрлэхгүй байгаа юм бэ? Төр үүнд оролцоогүй. Харин төрийн бий болгосон, ард түмнээ тэжээж байгаа стратегийн үйлдвэрүүдийг хувьчлах гэж өчнөөн оролдож байна. Гал голомтоо хувь хүнд өгчихгүй байх гэж найдаж байна.
Дани, Норвег, Финланд гэх мэт жижиг зах зээлтэй улсууд стратегийн компаниудаа хувьчлахгүй, засаглалыг нь сайжруулдаг. Бид ч мөн хувьд өгөх биш, засаглалыг нь сайжруулах ёстой. Нэг хэдэн гэр бүлд өгөх асуудал биш. Манай эдийн засаг жижиг учраас төрийн зохицуулалттай байхаас өөр аргагүй. Хувь хүн улс орноо тэжээнэ гэж байхгүй. Тэгэхээр улс орноо тэжээж байгаа 2-3 том компанидаа гар хүрч болохгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.