УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж яллагдагчаар татах тогтоолтой танилцжээ
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандоржид прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өглөө.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.2-1 дэх хэсгийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж буй аж. Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг өнгөрсөн аравдугаар сард огцруулах, эсэх талаар хэлэлцэх үед тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан, өмнөх өдрийн ирцээр санал хураалт явуулсан байдаг. Үндсэн хуулийн цэц үүний дараа Засгийн газрыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн билээ.
Үүний дараа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандоржид хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, улмаар яллагдагчаар татах үндэслэл бүрдсэн гэж үзэн НПГ-аас тогтоол баталж, тэдэнд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.