🔴Ж.Бат-Эрдэнэ: Зээлийн хүүг бууруулж мөнгө хүүлж байгааг зогсооно
Банкны зээлийн хүүг бууруулах, хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийн талаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ:
-МАН 2020 оны сонгуульд өрсөлдөхдөө банкны хүүг буулгах бодлоготой орсон. Тэрнээс хойш Монголбанк дээр нэлээн арга хэмжээ авч, банкны хүүг буулгах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүн гараагүй. Зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлээд, өрсөлдөөн бий болгоход хүү доошоо бууна гэсэн бодлогыг Монголбанкаас барьдаг. Гэвч өнөөдрийг хүртэл бодлогын хүү дээшээ доошоо хөдөлсөн ч зээлийн хүү ерөөсөө хөдлөөгүй байгаа.
Монголбанкны шинэ Ерөнхийлөгчийг сонгохтой холбоотойгоор санхүүгийн зах зээл дээр том өөрчлөлтүүдийг хийх амлалтууд авсан. Үүнийг МАН-ын өмнөх бодлоготой уялдуулаад, зээлийн хүүг буулгах асуудлыг санаачлахаар болсон.
Зээлийн хүүг бууруулах дээр эдийн засагчид хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь зах зээлээр явах ёстой гэж үзэж байгаа бол, нөгөө хэсэг нь хүүг механикаар барих ёстой гэж ярьж байна. Одоогоор хуулийн төсөл дээр ажиллаж байна. Он гараад, хаврын чуулганаар амжуулж оруулахаар зорьж байна.
Мөнгө хүүлэлт дээр бид зайлшгүй арга хэмжээ авах ёстой. Хүүгийн дарамт бол ард түмнийг мөлжих асуудал. Зээлийн хүү буувал эдийн засагт асар их үр өгөөж оруулна. Ажлын байрыг төр биш, ард иргэд, ААН-үүд л бий болгоно. Үүнд мөнгөн эргэлт, хэрэгцээ зайлшгүй шаардлагатай. Банкны хүүг буулгаад өгвөл үйлдвэрлэл хөгжиж, эдийн засагт өгөөж өгнө. Яваандаа ББСБ-уудын хүү ч уялдаад бууна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.