🔴Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн санаачилгаар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулав.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-АН-ын бүлгийн ээлжит хурал болж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн өдрүүдэд Оюутолгойтой холбоотой сонсгол зохион байгуулагдсан. Энэ сонсголын тайланг Түр хороо УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Түр хороонд АН-ын бүлгээс төлөөлөл болж орсон гишүүд тайлангийн мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн. Мөн улс төрийн нөхцөл байдал, ялангуяа дэд сайдын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Дэд сайд нартай холбоотойгоор АН-ын бүлгээс тавьж буй шаардлага бол мөсөн уулын орой төдий л зүйл. Өнгөрсөн хугацаанд бид төрөө цомхон болгох, илүү үр ашигтай, бүтээмжтэй болгох байр суурийг илэрхийлж ирсэн. Хувийн хэвшил, иргэдийн оролцоог эдийн засагт нэмэх, төсвийг танах саналуудыг дэмжиж ажилласан. Гэтэл дэд сайдын асуудал бол орон тоо, дарга нарын тоо нэмэгдэж байгаа явдал. Энэ нь төрийн өмчийг хувьчлах, олон нийтийнх болгох зарчмын эсрэг илрэл. АН-ын бүлэг төр, яамдын тоог цомхон болгох, дэд сайдын томилгоог цуцлах шаардлага тавьсан. Хэрэв энэ долоо хоногт биелүүлэхгүй бол Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина. Дэд сайдгүй бол ажлаа хийж амжихгүй байгаа сайд нар ажлаа өгөх ёстой.
2026 оны төсөвт дэд сайдын орон тоо, цалин хангамж тавигдаагүй. Мөн Засгийн газрын тухай хуульд сайдыг орлох тухай заалт байхгүй. Жишээ нь, Сангийн сайд байхгүй бол дэд сайд биш, өөр сайд танилцуулдаг. Тэгэхээр дэд сайд яг юунд хэрэгтэй вэ? Энэ асуудлыг тал талдаа тавих ёстой.
-Улс төрийн намууд бие биедээ шаардлага тавихдаа жагсаалаар хүч түрдгээ эзээ болих вэ? Өнөөдөр жагсаж байгаа иргэд голдуу АН-ын гишүүд байна. Иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Гэхдээ энэ жагсаалыг АН өөртөө ашигтай байдлаар зохион байгуулсан уу?
-АН-аас ямар ч жагсаал зохион байгуулаагүй. Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус хурал хийж, Ерөнхий сайдад шаардлагаа гардуулсан. Жижиг улс төр хийгээгүй, харин зарчмын байр суурь тавьсан.
-АН Засгийн газрыг огцруулахаар намын бүлгийн даргын албан бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ? Хэзээ өгөх вэ?
-АН УИХ-д 42 гишүүнтэй. Би бүлгийн даргаас гадна намын дарга. Энэ асуудлыг хуульд заасан босго давуулахад төвөггүй. Улс төржилтөөс зайлсхийж, анхны шаардлагын хүрээнд явна. Гарын үсэг зурсан гишүүдийн тоо чухал биш, өнөөдөр ч гүйцээж чадна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.