🔴Х.Ганхуяг: Улсын хэмжээнд шатахууны тасалдал үүсэх эрсдэл одоогоор үүсээгүй

AI хөрвүүлсэн

Татварын багц хуулийн шинэчлэл болон шатахууны хомстолын талаар Шадар сайд Х.Ганхуягаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг:

-Татвартай холбоотойгоор ААН-үүдийн дансыг хаасан асуудал өнөөдөр яригдаж байна. Үүнтэй уялдуулан ААН болон иргэдэд хэрэгтэй хоёр санал орж ирж байна.

Нэгдүгээрт, гаалиар бараа орж ирэхэд НӨАТ-ыг төлөх хугацааг 90 хоног болгож сунгаж байна. Өмнө нь 1-2 сар байсан бол одоо гурван сар буюу 90 хоногийн дараа НӨАТ-аа төлж болно гэсэн заалт орж ирж байгаа юм. Энэ нь компаниудад санхүүжилтийн болон санхүүгийн эх үүсвэр тал дээр маш их хэрэгтэй. Эргэлтийн зээл тэр хэмжээгээр багасна. Мөн ААНОАТ-ыг 60 хоногийн дотор төлж болно гэсэн заалт орж байгаа. Гурав дахь хэрэгтэй заалт нь, хугацаа хэтэрсэн тохиолдолд ААН-ийн данснаас татварыг шууд суутгаж авдаг байсныг өөрчилж, эхлээд зөвлөж, зааж, анхааруулдаг болно. Суутгаж авахдаа дансны үлдэгдлийн 20 хувийг үлдээгээд, 80 хувийг нь суутгах байдлаар санал бэлтгэгдсэн. Ингэснээр иргэн, ААН-үүд, тэр дундаа ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн дарамтыг багасгана гэсэн үг.

ХАА-н салбарын бүтээгдэхүүн, жижиг үйлдвэрлэгчид, зах дээр гар дээрээс авч байгаа бараанд НӨАТ төлдөггүй байсан асуудлыг үндсэндээ шийдэж, авч байгаа бараан дээрээ И-баримт гаргадаг болно. Зарж байгаа үнэ нь НӨАТ-тай үнэ гэж тооцогдоно. Ингэснээр дундын үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН-үүдийн өртөг буурч, зарж байгаа хүндээ ч гэсэн давхар татваргүй болно.

Энэ бол зөвхөн санал бөгөөд өргөн бариагүй төсөл юм. Өнөөдөр бүлгээс саналуудаа авчхаад дараа нь өргөн барина.

-Шатахууны хомстол үүссэнтэй холбогдуулан аймаг, сумдад ямар нэгэн эрсдэл гарсан эсэх талаар мэдээлэл ирсэн үү? 

-Өдөр тутмын шатахууны хангамж дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ажилладаг. Хэрэв тасалдал үүсвэл улсын нөөцөөс тодорхой хэмжээний хангалтыг хийж өгдөг. Энэ нь зөвхөн гал унтраах зорилготой байдаг. Хоёр долоо хоногийн өмнө 47 сумд түлш шатахуун тасалдахад манай нөөцөөс хангалтыг хийж өгсөн. Өнөөдрийн байдлаар аль нэг аймаг, сумд тасалдсан зүйл алга байна. ОХУ-тай ажилласны үр дүнд баруун аймгууд шууд авто тээврээр импортлоод, бүх агуулах нь дүүрсэн байгаа.

Оросын талтай хийсэн уулзалтаар ирэх жилээс буюу нэгдүгээр сарын 1-нээс хойш манай нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлт тавьсан гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.