“Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч

“Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч

Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа нутаг орондоо Налжаа эмч хэмээн алдаршсан, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд насаараа ажиллаж, одоо гавьяаны амралтаа эдлэн суугаа Г.Налжирмаа эмчийг урьж түүний амьдрал, үүх түүхээр аялснаа хүргэе.

Нийтлэлийн минь баатрыг таньдаг хүн бүр Налжаа эмч хэмээн дотночлон дуудна. 80 нас дөхөж байгаа ч ирсэн зочдодоо гараа гарган хоол цайгаар дайлаад хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн. “Өвөлдөө Налайхдаа, зундаа нутаг явдаг хоёр нутагтан болсоон” гэж хуучилсаар биднийг угтав. Ийнхүү Улаанбаатарын утаанаас хол Налайх дүүрэгт хөгшинтэйгөө хоёулаа товхийсэн байрандаа дулаахан өвөлжиж хавь ойрын хүмүүстээ хүндлэгдэн аж төрөн сууна.

Ааваас эхтэй эмчийн мэргэжил

Налжаа эмч насаараа сум дундын эмч хийж, энэ хугацаанд олон ч хүний амь аварчээ. Мэдээж тэр бүрийг тоолоод байх биш. Харин олондоо хүндлэгдсэн энэ сайхан алдрын зам ааваас нь эхтэй. Түүний аав Гүрэлхаажав Завхан аймгийн Улаагчин сумын уугуул хүн, одоогийнхоор Нөмрөг сум юм. Гүрэлхаажав нутагтаа номтой лам ч гэгддэг, гүрэмч ч гэгддэг хүн байж.

Түүнийг Нөмрөгийнхөн төдийгүй ойр хавийн сум орны хүмүүс олонд тустай эрдэмтэй, номтой хүн гэж хайрлаж хүндэлж "хөөрхий багш" гэж хүндэлдэг байжээ. Тэр буурал хүмүүстэй ярилцахдаа "хөөрхий тэр минь" гэж байнга авгайлж дууддаг байсан тухай үлгэр домог мэт яриа өнөө ч нутгийнханд байдаг ажээ.

DSC06301

Аав нь охиноо багаас нь эмч болохыг нь мэдэрдэг байж. “Миний охин гартаа шидтэй, олныхоо төлөө явах хувь тавилантай юм шүү” гэж нутгийн хүмүүстээ хэлснийг нь охиныг сургуулиа төгсөөд ирсэн жил нутгийн хөгшчүүл дурсан ярьжээ. Г.Налжирмаа "Нөмрөг" сумын 10 жилийн сургуулиа төгсөөд шалгалт өгөхөд нэгдүгээрт бичигдэж, Анагаахын дээдийн хуваарийг эргэлзэлгүй авчээ. Хотод ирээд анагаахын сургуулиа төгсөөд сумандаа буцаж очсон байна. “Анагаахын дээдэд хичээл улаан буланд орно. Тэр үеийн хуучны нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэгт дадлага хийнэ. Мэргэжлийн хичээлүүд илүү сонирхолтой. Биднийг сурч байхад одоогийн нэгдүгээр эмнэлгийн байрыг барихаар болж, бид суурийг нь ухалцаж байлаа” хэмээн оюутан цагаа дурсав.

Untitled 44554554
Сурагч Г.Налжирмаа ангийнхантайгаа.

Монголын түүхийн хуудсанд хараар бичигдсэн хэлмэгдүүлэлтийн он жил нутагтаа алдартай номтой лам Гүрэлхаажавын залуу насыг нь ч тойрсонгүй. Засаг төрийн нүднээс далд жирийн ардын төлөө хааяа засал ном хийж, өвдсөн заримыг нь эдгээчихдэг нь тэр үеийн төр засгийнхны овоо хараанд өртжээ. 1937 онд их хэлмэгдүүлэлт эхлэх үед ачигдаж, гэрийнх нь хоосон буурин дээр сангийн бойпор л үлдэж хоцорчээ. Хөөрхий аав нь долоон жилийн дараа гэртээ амьтай голтой эргэн ирсэн гэдэг. Тэр үед нэгдүгээр сургуулийг хоригдож байсан лам нараар бариулж байжээ. Нээг их хуй салхи болоход барилгын орой дээр ажиллаж байхдаа арай л уначихалгүй тогтож үлдсэн тухайгаа аав нь хуучилдаг байжээ. Харин 1953 онд хоёр дахь удаа ачигдахад том охин Г.Налжирмаа нь зургаан настай үлджээ. Энэ удаад аав нь гурван жилийн дараа суллагдан гэртээ эргэн ирсэн байна. Гэвч хэцүү хүнд газарт олон жил байсан болоод ч тэр үү тамирдуу л байдаг байж, том охиноо 16 настайд өөд болжээ.

“Олон жил хэцүү газарт байсан муу аав минь ирэхдээ их л турж эцсэн байсан даа. Харин ч тэр үед олон хүнийг өчиггүй буудчихдаг байсан хэцүү цагт амьд мэнд ирсэнд нь баярладаг юм. Хэдий төр засгаас бурхан номын үйл, бариа хийх зэргийг нь хорьдог ч олон хүнд тус болж байсан, тэр дундаа харгалзагч нар нь хүртэл тусыг нь авч байсан болохоор амьд үлдээж нутагт нь буцаасан байх даа гэж одоо боддог” юм хэмээн аавыгаа дурсахдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж, алга хавсран залбирч байхыг нь харахад хэдий өндөр настай ч хүн эцэг, эхээ дурсахдаа залбирч, мөргөдөг нь жам юм даа гэсэн бодол эрхгүй төрж байлаа.

Аав нь олон жилээр ачигдаж явсан хүнд хэцүү жилд ээж Н.Сагмид нь нутгийн саахалт айлуудтай малаа маллан жирийн малчин монгол эмэгтэйн амьдралаар амьдарчээ. Н.Сагмид хоёр охиноо сургуульд орох үеэр нь сумын төвд ирж суурьшсан гэдэг. Тэрээр “Ээж минь л манай таван хүүхдийг хүн болгосон доо” хэмээн ярих. Ээж нь нутаг усандаа алдартай, хоол цайгаар олныг дайлсан буянтай буурай байжээ. “Ээжийн чинь цай мөн сайхан шүү” хэмээн нутгийн хүмүүс одоо ч манайд ирэхээрээ магтаж байдагсан хэмээн настай ээжээ дурсав. Түүний дүү Г.Рэгзэдмаа нь санхүүч мэргэжилтэй нэгэн.

Харин 1994 онд түүний аав Б.Гүрэлхаажавыг цагаатгасан тогтоолыг ар гэрт нь гардуулан өгчээ. Ээж Н.Сагмид нь амьд ахуйдаа ханийнхаа цагаатгасан гэх тогтоолыг авсандаа сэтгэл нь бага ч болов амсхийсэн ч хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр насан туршид нь хар толбо үлдээсэн гашуун түүх болон үлджээ.

Гурван багш төрүүлсэн эмч гэр бүл

Untitled 5sdfsdf
Д.Ванган, Г.Налжирмаа нар 50 гаруй жил ханилан сууж байна.

Г.Налжирмаа эмчийн ханийг Д.Ванган гэнэ. 1971 онд ХААИС төгссөн тэрээр малын эмчээр ажиллахаар Цэцэн-Уул суманд ирсэн тэр жил нь Анагаахын дээд сургууль төгссөн Г.Налжирмаа төрөлх сумандаа хуваарилагдан ирснээр нэг нь малын эмч, нөгөө нь хүний эмч хос залуус Ванганых гэдэг айлын өрхийг татсан түүхтэй. Тэд гурван охин, хоёр хүүтэй. Таван хүүхдийн гурав нь багшийн мэргэжил сонгожээ. “Эмч аав, ээж нь гэрийн бараа хардаггүй, сар шинээр ч, улсын баяраар ч ээж эзгүй байдаг” гээд хүүхдүүд нь эмчийн мэргэжил сонгоогүй гэнэ.

Д.Ванган гуай малын эмчээрээ ажиллаж байгаад төрийн захиргааны голдуу ажил эрхлэх болжээ. Анхдугаар Үндсэн хууль батлагдахад ардын Их хурлын депутат байсан тэрээр 18 жил сумын намын хороон дарга хийжээ. Харин одоо таван хүүхдээс том охин В.Алимаа болон ихэр охид болох В.Бадамгарав, В.Хоролгарав нар нь багшийн мэргэжил эзэмшиж өдгөө сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа бол том хүү В.Доржпалам барилгын мэргэжил эзэмшиж, бага хүү В.Буджав Цэцэн-Уул сумандаа аж төрж байна.

Untitled 6454545
Д.Ванганых гэх айл таван хүүхэдтэй, 10 ач зээтэй өнөр өтгөн айл болжээ.

Д.Ванганых гэдэг айл Цэцэн-Уул сумандаа олон жил ажиллаж амьдарчээ. Гэрийн эзэн 1988-1991 онд Түдэвтэй сумын МАХН-ын хороон даргаар томилогдон нэг жил ажиллаад дараагийн хоёр жилд сумын засаг даргаар ажиллаж байгаад буцаад Цэцэн-Уул сумандаа очжээ. Нөхөр Д.Ванган намын дарга хийж байсан болохоор ч тэрүү эхнэрээ шагналд тодорхойлохгүй. Харин Түдэвтэйд гурван жил болохдоо Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас медалиар шагнуулжээ. Гэтэл 2019 онд Цэцэн-Уул сумын 60 жилийн ойгоор түүнийг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цолоор шагнажээ. Үүнийг нь харсан Сантмаргац нутгийн нэгэн танил нь нулимс унаган “Өдийд гавьяат болж байх хүн эмнэлгийн тэргүүн авч байхыг хараад нулимс гарч байна” хэмээн ярьж байна. Өөрөө ч шагнал урамшуулал гэлгүй өдий хүрч.

“Сумын донор” санаачилснаар олон хүний амь аварчээ

Untitled 1244554
Залуу эмч Г.Налжирмаа Бадамцэцэг охиныг үзэж байгаа нь. 

Сумын эмч гэдэг ганцхан өвчинтэй нүүр тулахгүй. Хүүхдийн эмч, дотрын эмч, мэдрэлийн эмч, бүр заримдаа мэс заслын эмч болох ч үе бий. Хэд хэдэн удаад хүндэрсэн төрөлтийн үеэр ургийг эсэн мэнд төрүүлсэн нь тэр дороо сумынхны амнаас ам дамжин яригдах болж. Ингээд аймаг руу очиж төрөх заалттай эхчүүд Цэцэн-Уул руу ирээд төрдөг болж. Эхлээд учрыг нь сайн олохгүй, хамаатан саднаа барааддаг юм болов уу гэж боддог байтал өөрийг нь бараадаж ирдэг болсныг нь хожуу ойлгосон хэмээн хөөр баяртай залуу насаа дурсав.

Түүний хань Д.Ванган 1988-1991 онд Түдэвтэй суманд хуваарилагдан тэднийх гурван жил тэнд амьдарчээ. Тэр үед ч Увсын залгаа сумынхан хүртэл ирж үзүүлдэг болсон байв.

“Намайг очиход Цэцэн-Уул сум гэхэд шарлалт ихтэй, арьсны өвчин ихтэй, хамуу их тархсан байсан. Ажиллаж эхэлсэн эхний жилээсээ л тэр бүгдийг байхгүй болгохын төлөө зорьсон” гэв. Эхийн эндэгдэлгүй ажиллахын төлөө хичээж, жирэмсний хүндрэл, төрөхийн хүндрэлийг эрс бууруулахын тулд орчин үеийн анагаах ухаанаас гадна уламжлалт анагаах ухааны номыг ч бас хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн 0-5 насны хүүхдийн шар сүү, айргаар чийрэгжүүлэх зэргээр арай өөрөөр ажиллахыг хичээсэн гэв. Хамгийн гол нь бусад суманд байдаггүй, сумын донор гэдэг санаачилгыг эхлүүлсэн нь үр дүнтэй ажил болж. Сумандаа цусны доноруудтай болж, төрсөн гэмтсэн янз бүрийн хүмүүст гэнэт цус сэлбэх шаардлагатай болоход бэлэн донортой байж чадсан нь олон хүний амь насыг аврах гол чухал санаачилга болжээ. Мэдээж хаа хамаагүй хүмүүсийг донор гээд цус сэлбэж болохгүй. Донор болох хүнээ биологийн тохироо, хувийн тохироо гэж хоёр юмыг нь үзэж байж донор болгодог байсан гэх. Бүр зарим үед хүү бол аавынх нь цусыг, охин бол ээжийнх нь цусыг сэлбэх нь онодог байсан тухай ярив. Одооны эмч нарт их бүдүүлэг сонсогдох байх. Хөдөө нутагт хүний амь дээсэн дөрөөн дээр байхад цус дутагдаж амь нас эрсдэх нөхцөл олон л тохионо. Тэр үедээ аргагүйдээд л ингэж санаачилсан хэрэг. “Зах газрын бумба галзуурна” гэдэг шүү дээ хэмээн өнөөгийн нөхцөлтэй харьцуулалтгүй байсан үеэ дурсав. Үнэхээр ч “сумын донор” гэдэг шинэ санаачилга дэвшүүлснээр эхийн эндэгдэл эрс буурч, гэмтэж бэртсэн өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэх нөхцөл бүрдсэнээр ажлын чанарт ч ахиц гарчээ. Мэдээж олон хүн төрж байсан, хүүхдийн эндэгдэл огт байхгүй болсон гэж хэлэхгүй, гэхдээ л улсын дунджаас эрс багассан нь энэ сумын донорын ач байлаа хэмээн дурсав.

“...Зун сумандаа очихоор намайг ирлээ гээд үзүүлэх хүмүүс тасрахгүй. Би ч сүүлийн үед та нар суманд байга ахоёр эмчдээ сайн үзүүлж харуулж бай. Эмч хүн үзсэн хүнийхээ тоогоор ухаан сууж дадлагажиж юм сурдаг юм гээд л хэлдэг болсон. Чагнуур аппарат хоёроос өөр зүйлгүй манай үеийн эмч нарт үзүүлээд сурчихсан хүмүүс бий. Ялангуяа настай хүмүүс бүр дасчихсан. Хаа ч таарсан танд нэг даралтаа үзүүлчих юмсан, нэг чагнуулчих юмсан гээд асууж сураглана. Чагнуулж байж л эмчид үзүүлсэн болдог юм шиг байгаа юм” хэмээн өөрийг нь зориод ирдэг хөгшчүүлээ өмөөрөнгүй, өхөөрдөнгүй өгүүлэв.

“Хурц өвчнийг анагаахаар, урхаг өвчнийг уламжлалтаар...”

7 2d26
"Эмнэлэг үйлчилгээний аварга их эмч" цол, диплом, энгэрийн тэмдэг, 800 төгрөгөөр шагнав. 1988.02.01

“Ер нь архаг ужиг өвчинд уламжлалт тан сайн, хурц өвчинд орчин үеийн шинжлэх ухаан сайн” хэмээн туршлагаасаа хуваалцав. Г.Налжирмаа эмч 1991 онд уламжлалт эмчилгээний анхан шатны мэдлэг олгох курст сууснаар орчин үеийн анагаах ухааныг уламжлалтай хослуулан эмчилдэг Г.Налжирмаа эмчийн хос авьяас бий болсон гэж хэлж болно. 1990-ээд оны шилжилтийн хүнд хэцүү цагт эм тариа ч санаан зоргоор олдохгүй. Тиймээс уламжлалт эмчилгээг анх заасан багшийнхаа зааснаар ургамлын гаралтай тангаар эмчилж эхэлжээ. Ингээд өвчний хурц үеийг нь эм тариагаар, архаг өвчнийг нь тангаар эмчилдэг нь үр дүнгээ өгчээ. Одоо үед уламжлалт анагаахыг үгүйсгээд байх шиг. Уг нь тийм биш юм. Тэрээр зөвхөн орчин үеийн анагаах ухааныг бус уламжлалт эмчилгээтэй хослуулдаг нь түүний нэрийн хуудас болжээ.

...Тэр жил 1988 онд Цэцэн-Уул Туватай “шип” сум байлаа. Тувагийн ардын хянан шалгах хорооны дарга гэж нэг хүн “Кызильд үзүүлээд болсонгүй, Москвад үзүүлээд болсонгүй” гээд надад үзүүллээ. Би ч үзэж байгаад эм, тан хослуулж өгөөд ходоод нь эдгээд их баярласан тухайгаа захиагаар ирүүлсэн байлаа. Бас нэгэн удаа намайг жирэмсний амралттай байх үед нэгэн найз маань “жирэмсэн эхийг аврахын тулд ургийг эвдэж авахаас өөр аргагүй боллоо” гээд дүү минь хэцүү байдалд орчихлоо. Туслаач гээд ирлээ. Очоод үзтэл эхийн аарцаг хэмжээ зүгээр , хүүхдийн зүрхний цохилт зүгээр бүтэлт байсангүй. Ингээд уламжлалт, орчин үеэ хольж байгаад савны амсарыг нь нээж байгаа төрүүлчихлээ. Энэ мэтээр орчин үеийн анагаах ухааны чадахгүй олон зүйлийг уламжлалтаар эдгээж анагааж болдог юм шүү дээ гэж учирлав.

Эмч хүн ач санадаггүй ч, эмчийн ач мартагддаггүй

545445545454454545

Эмч хүн аварсан хүнээ мартчихдаг бол ачийг нь санаж явдаг хүмүүс олон бий. Танихгүй нэгэн ирээд та миний хүүхдийг эдгээсэн, тэгж надад тус болсон гэж сайхан сэтгэлээр талархсанаа илэрхийлэхэд л эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, олон хүнд буян болжээ гэж сэтгэл цэлмэх шиг болдог юм хэмээн тэрээр ярих. Жишээ нь 1990-ээд оны үед хөгшинтэйгээ Улаан хаалганы рашаанд очоод Манал бурханд мөргөхөөр хүлээж зогстол нэгэн эмэгтэй Манал бурханд мөргөчихөөд өөрийг нь чиглээд ирэнгүүтээ гар хавсран залбирах мэт мөргөжээ. Налжирмаа эмч ч гайхан “Та намайг андуурав уу” гэтэл үгүй дээ эмчээ, та намайг танихгүй ч би таны ачийг хэзээ ч мартдаггүй. Та хүүг минь Улаанбаатар хот, аймаг гээд аль том эмнэлэгт эдгээж чадаагүй байхад сумандаа эмчилсэн шүү дээ. Тийм учраас таныг би дарь эх шиг хүндэлж мөргөж байгаа юм” хэмээн хэлжээ. Энэ мэтээр гудамжинд танихгүй ч олон хүний амьдралд тус болсон сайхан мэргэжлээрээ үргэлж бахархана.

Орчин үеийн эмч нар өвчтөндөө дэм өгдөг байгаасай

Орчин үед сайхан болсоон. Бүх юм шинжилгээгээр гараад ирнэ. Гэхдээ одоо үед өвчтөндөө сэтгэлийн дэм өгөх нь л манай эмч нарт жаахан дутаад байх шиг.  Настайг нь насны өвчин гээд бараг үзэхгүй. Арай залууд нь та хавдар туссан байна гээд шуудхан хэлчихдэг, улам стресст оруулдаг ч тал байна. Олон хүн үздэг болохоор тэгдэг байх л даа. Хуучин миний үед эмч өвчтөнтэй яаж харьцах юм, эмч эмчтэйгээ яаж харьцах юм гэдэг их нарийн зүйл байлаа. Өвчтэй хүнтэй эвтэй зөөлөн харилцаж сэтгэл санааг нь тайван амгалан байлгаж, чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Мэдээж ажлын ачаалал байлгүй яахав. Гэхдээ ачаалал их гээд өвчтөнөө үл хайхарсан, хүндэтгэлгүй хандаж болохгүй. Тийм эмчид өвтчтөн хүн өвчин зовиураа ч үнэнээр нь хэлж чаддаггүй юм шүү дээ хэмээн ярьсан нь үнэхээр л өнөө үеийн зарим эмч нарын сонсч ойлгох амьдралын ухаан байна шүү гэж бодогдож суусных. Яриа хөөрөө намуун зөөлөн, аливаа хүнд өөриймсөг сэтгэлээр ханддаг нь ч түүний үйл хөдлөл бүрээс харагдаж байлаа. Хоолой хөндүүрлээд жаахан ханиад хүрэх гээд байх шиг гэж хэлсэн даруйд “Алив судсыг нь нэг бариад үзье” гэж өөриймсөгөөр хэлэн гар сунгах түүнийг хараад энэ эмчид итгэд найдахаас яахав дээ хэмээн сэтгэл дотроо талархан суулаа.

Б.Нямсүрэн 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 241 (7738)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.