🔴Ж.Золжаргал: Гишүүний нэр дээр хуурамч аккаунт үүсгэсэн нь УИХ-ын амыг хамхих үйлдэл
УИХ-ын гишүүний нэр дээр хуурамч аккаунт үүсгэж, худал мэдээ тараасан талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-УИХ-ын гишүүний овог нэрийг ашиглаж, цэнхэр тэмдэг авч, "X" талбар дээр хуурмаг аккаунт үүсгэжээ. Энэ өнөөдөр над дээр тулгарсан ч маргааш аль ч гишүүний нэр дээр хуурамч аккаунт үүсгэж болзошгүй. Энэ бол нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн асуудал биш. Харин тодорхой бие хүний нэрийг ашиглаж, хувь хүний нэр төрд зориудаар халдсан гэмт үйлдэл.
Ийм байдлаар бусад гишүүний нэр дээр хуурамч аккаунт үүсгэх нь даамжрах юм бол УИХ-ын гишүүний амыг барьж, нэрийг гутааж, дуугүй болгож, Монгол төрийг сулруулах, хяналт тавих, хууль тогтоох чадамжийг багасгаж, төрийн тогтолцоог чадамжгүй болгох хортой үр дагаварт хүргэнэ. Ийм учраас миний бие энэ ноцтой үйлдлийг шалгаж, хуурмаг аккаунт үүсгэсэн хувь хүнийг олж илрүүлэх хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргалаа.
Энэ хуурмаг аккаунт дээр миний ярьдаг зүйлсээс яг эсрэг мэдээллийг оруулдаг. Үүнийг 2018 онд үүсгэсэн, миний аккаунтаас илүү олон дагагчтай, саяхан нэрийг нь өөрчилчихсөн байгаа юм.
Монгол Улсад хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага бол УИХ. Тиймээс УИХ-ын гишүүн хамгаалалттай байдаг. Монгол Улсын эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллагын гишүүнээр зориг зүрх гаргаад орсон залуучуудыг юм ярихаар нь элдэв балай юм зохиогоод, хуурамч аккаунт нээгээд, тэрэн дээр нь төөрөгдүүлсэн мэдээлэл явуулдаг нь цаагуураа УИХ-ын амыг хамхих үйлдэл. Энэ бол төрийн эсрэг, монголчуудын эсрэг үйлдэл гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.