Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа

Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа

Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ буулгаж дуусжээ. 

Тус барилгыг буулгах ажлыг энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн юм. Ингээд 115 өдрийн хугацаанд буюу гэрээнд заасан хугацаандаа багтан барилгыг буулгаж дууслаа. Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэв. Барилга буулгалтаас нийт 9800 тонн хүнд хог бууж, 520 удаагийн рейсээр хог тээвэрлэжээ. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

6944c43ae337fe7967a30c16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өмнө нь манай улсад 12-оос дээш давхар барилгыг буулгаж байгаагүй. Бид барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр”  ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Ирэх долоо хоногт тус байрыг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Улаанбаатар хот Морингийн даваанд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болсон. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тус барилгаас гарсан бетон, арматур зэргийг дахин боловсруулж, ангилан ялгаж байна. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан. Бид газын дэлбэрэлтийн буруутай этгээдээр буулгалтын зардлыг гаргуулахаар бэлтгэж байна. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн. Бид тус барилгыг нураалгүйгээр хүчитгэх талаар удаа дараа ярилцсан ч ингэх боломжгүй байсан” гэлээ.

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд “Бид 115 хоногт 207 дугаар байрыг буулгах ажлыг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналтан дор, амралтгүйгээр ажиллаж барилгыг буулгасан. Тус ажлыг улсын комисс хүлээн аваад байна. Гэрээний дагуу 12 дугаар сарын 25-нд буулгаж дуусах хуваарьтай байсан” гэв.

6944c4b8e337fe7967a30c20

207 дугаар байрын оршин суугч “Бид гэр орондоо буцаж орохыг их хүсэж байна. Өнөөдрийг хүртэл биднийг орхиогүй нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд баярлалаа. Одоогоос хоёр жилийн өмнө бид орон гэргүй болсон. Төр 63 өрхийн 220 иргэнийг гудманд гаргалгүй түрээсийн асуудлыг шийдэж ирсэн. Ингээд байрыг маань буулгаад дахин барьж өгөх гэж байгаад их талархаж байна” гэлээ.

6944c44ce337fe7967a30c17

6944c467e337fe7967a30c1a

6944c46de337fe7967a30c1b

6944c478e337fe7967a30c1d

6944c47ce337fe7967a30c1e

6944c486e337fe7967a30c1f

6944c5c3e337fe7967a30c21

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.