🔴Ц.Баатархүү: Эдийн засаг сайнгүй энэ үед дэд сайд нарыг оруулж ирж байгаа нь албан тушаалын наймаа болж байна
Дэд сайд нарын томилгооны асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Монгол Улс татвар төлөгчдийн мөнгөөр сүүлийн 10 жил төрийн байгууллагуудад цахим шилжилтийг амжилттай хийсэн. Төрийн үйл ажиллагаа цахимжихын хэрээр төрийн албаны олон бүтэц, зохион байгуулалт цөөрч, цомхон болох ёстой. Цахим шилжилтийн үр дүнд зардал хэмнэгдэж, дарга нарын урсгал зардал буурдаг нь дэлхийн бүх улс орны жишиг. Гэтэл Монгол Улсад цахим шилжилтийг хэрэгжүүлж байгаа хэр нь дэд сайдуудыг буцаагаад тавьж байгаа нь МАН-ын фракц хоорондын албан тушаалын наймаа л гэж харагдаж байна.
Хоёрдугаарт, 3.5 сая хүн амтай Монгол Улс 35 сайдтай болж байна. Энэ бол бараг Гиннесийн номд орохоор байна. 46 сая хүн амтай Аргентин улс есөн сайдтай болж, эдийн засаг нь өссөн. Финланд улс 5 сая хүнтэй, 12 сайдтай, дэд сайдгүй байдаг. Эдийн засгийн бүтээмж өндөртэй улс орнуудыг харахаар аж үйлдвэрээ их хөгжүүлж, цахим шилжилтээ явуулж, технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл оюунд тулгуурласан шийдвэрийг гаргаж байна. Харин дарга нарын тоог нэмдэггүй.
Ажил хэрэгч шүүмж хэлэхэд, Засгийн газар маш буруу шийдвэр гаргалаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Өөрсдийнхөө ярьсан "Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулна" гэх амлалтынхаа яг эсрэг шийдвэрийг гаргасан. Би өөрөө сайдаар ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа сайдууд ч яг үнэндээ дэд сайдтай байхыг хүсэхгүй байгаа. Дэд сайд нэмэгдэхээр шийдвэр гаргалт, яамны бичиг баримт, иргэндээ хариу өгөх хугацаа нэмэгддэг. Тэгэхээр иргэний үйлчилгээ илүү холдоно.
Бид төрийн эрх мэдлийг орон нутаг, сум, хороо цахимжуулаад өгөх ёстой байтал ийм төвлөрүүлсэн шийдвэр нь хөгжил дэвшлийг боомилсон, эрх барьж байгаа намын албан тушаалын наймаа мэт харагдаж байна.
Ер нь Гадаад харилцааны салбарт дэд сайд байж болно гэж боддог. Яагаад гэхээр Гадаад харилцааны дэд сайдтай улс орнууд Монгол Улсад ажлын яриа хэлэлцээр хийх гэхээр дэд сайд нь уулзах шаардлага үүсдэг. Харин бусад салбарт дэд сайдын шаардлага байхгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.