🔴Б.Хулан: Банк санхүүгийн салбарт 14 жил ажилласан туршлага маань дэд сайдаар ажиллахад хэрэг болно

AI хөрвүүлсэн

Сангийн дэд сайдаар томилогдсон Б.Хулан мэдээлэл өглөө.

Сангийн дэд сайд Б.Хулан:

-Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, олон улсын чуулганд сайдын түвшний хүн оролцох ёстой байдаг. Гэтэл энэ нь заримдаа асуудлыг урагшлуулахгүй, хурлыг цаг тухайд нь хийхгүй байх шалтгаан болдог учраас хэрэгцээ, шаардлагад үндэслэн томилж байна гэж ойлгосон. Мөн өнгөрсөн хугацаанд бүтээмжийн болон хяналтын менежер зэрэг 100 гаруй албан тушаалтныг цомхотгосон. Тэдний ажлыг нөхөх, салбар дундын уялдаа холбоог хангах зэрэг олон ажил ирж байна.

Олон улсад дэд сайд гэдэг албан тушаал нь сайдыг байхгүйд орлож, ажлын хэсгүүдэд оролцдог нийтлэг жишиг байдаг. Монгол Улсын хувьд Төрийн нарийн бичгийн дарга нь яамаа зангидаж, бодлогын асуудлыг хариуцдаг төрийн захиргааны албан тушаалтан. Гэхдээ сайдын түвшний оролцох ёстой хурал, чуулганд ТНБД оролцвол саналын эрхгүй байдаг тул дэд сайд томилох нь хэрэгцээтэй болсон гэж ойлгож байна.

Миний хувьд мэргэжлээрээ нийт 14 жил ажилласан. Үүнээс долоон жил нь Монголдоо, дахиад долоон жил нь "HSBC" зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудад ажилласан туршлагатай. Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цолтой. Төрийн ажилд туршлага хэрэгтэй учраас мэддэг, чаддаг зүйлээрээ нийгэмд хувь нэмэр оруулахын төлөө хичээж ажиллана.

Олон улсын гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалтын гэрээний чиглэлээр түлхүү ажиллах үүрэг даалгавар өгч байх шиг байна. Би өмнө нь олон улсын банкнуудад ажиллаж байхдаа хөрөнгө оруулалтын гэрээн дээр төвлөрч, өнгөрсөн Засгийн газрын үед хэрэгжсэн ураны хөрөнгө оруулалтын гэрээний санхүүгийн шинжилгээнд оролцож байсан. Нөгөө талаас, Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон бондуудын гадаад өрийн удирдлагын чиглэлээр төвлөрч ажиллахыг хүсэж байх шиг байна. Мөн Ерөнхий сайд яамдуудын хяналтын чиглэлийг дэд сайдуудад хариуцуулах талаар судалж байгаагаа хэлсэн. Хэрэв энэ шийдвэр гарвал тэр чиглэлээр ажиллах байх. Нарийн мэдээллийг ажлаа аваад, танилцсаны дараа илүү дэлгэрэнгүй хэлэх нь зөв байх.

Татварын шинэчлэл мэдээж зайлшгүй хэрэгтэй. Монгол Улсад албан секторт ажилладаг хүмүүс нийт ажил эрхлэгчдийн тал орчим хувийг эзэлдэг. Тиймээс албан сектороос илүү их татвар авах биш, харин татварын суурь баазыг тэлж, нийтээрээ бага татвар төлдөг болох шинэчлэл хийгдэх ёстой. Энэ бол нэг өдөр, нэг сарын дотор хийх ажил биш. Алхам алхмаар, ул суурьтай, алдаагүй хийх ёстой ажил юм гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.