П.Райт аварга трансжендер тамирчинд боломж олгосонгүй

Мэргэжлийн дартсын корпорацаас зохион байгуулж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. 

06de108b1d7f41899bfcf0bac7fe87f3

Урьд урьд жилүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдийн квот ердөө хоёр байдаг байсан бол энэ жилээс эхлэн эмэгтэй оролцогчийн тоо хамгийн багадаа дөрөв байхаар дүрэмдээ тусгасан байна. Тэр ч агуулгаараа энэ удаагийн ДАШТ-д таван эмэгтэй тамирчин эрхээ аван өрсөлдөж байгаа билээ. Тэдний нэг болох Нидерландын Ноа-Линн ва Лёвен өчигдрийн тоглолтод дэлхийн хошой аварга Питр Райт аваргатай тулж хожигдол хүлээлээ.

Нидерландын Ноа-Линн ва Лёвен нь 2021 онд хүйсээ солиулсан трансжендер тамирчин бөгөөд 2024 онд эмэгтэйчүүдийн цуврал хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн юм. Зарим шүүмжлэгчид болон тамирчид түүнийг эрэгтэй хүн байхдаа бүрэлдсэн бие бялдар, гар, нүдний зохицол, анхаарал төвлөрүүлэх чадвар нь эмэгтэй тамирчдын эсрэг давуу тал болж байна гэж үздэг. Тэр ч бүү хэл 2024 оны эхээр Нидерландын эмэгтэйчүүдийн шигшээ багийн нэр хүндтэй тоглогчид болох Анка Зийлстра, Айлин де Грааф нар Ван Лёвентой нэг багт тоглохоос татгалзаж, шигшээ багаасаа гарсан нь томоохон дуулиан болж байлаа. Тэд "Эмэгтэйчүүдийн төрөлд биологийн эмэгтэйчүүд л өрсөлдөх ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Одоогоор дартсын зохицуулах хороо (DRA) Олон улсын олимпийн хорооны удирдамжийг дагаж, дааврын түвшин нь тогтоосон хэмжээнд байгаа трансжендер тоглогчдыг эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөхийг зөвшөөрч байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.