🔴С.Наранцогт: Ипотекийн зээлийг бодитой, зөвхөн гэр хороололд амьдарч байгаа иргэдэд нарийвчилж өгөх хэрэгтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болж байна.
Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу:
-Үйлдвэрлэгч, хувийн хэвшилд хамгийн их дарамт болж байгаа зүйл нь зээлийн хүү. Арилжааны банкны зээлийн хүүг энд яриад байх зүйл харьцангуй бага гэж бодож байна. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд зээлийн барьцааны бөгөөд зээлийн шаардлага хангахгүй байгаа бизнес эрхлэгч нар маань өндөр хүүтэй зээлийн дарамтад дэндүү их орж байна. Монголбанк өөрт хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд хэрхэн бууруулах боломжтой вэ, энэ чиглэлд цаашид ямар бодит арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч С.Наранцогт:
-Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн зарим бодлогын алдаанаас үүдэн бодит эдийн засгийн өсөлтөөс давсан, тэлсэн төсөв болон мөнгөний бодлого хэрэгжсэн. Үүний үр дагаврыг өнөөдөр бид бодитоор мэдэрч байна гэж ойлгох нь зүйтэй. Одоогийн байдлаар бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь төв банкнаас зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бөгөөд инфляц, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм. Гэсэн хэдий ч бодлогын хүүгийн өндөр түвшин нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд бодит дарамт учруулж байгаа нь үнэн. Үүнийг хүчээр бууруулах боломжгүй, ийм алхам эдийн засагт илүү сөрөг эрсдэл дагуулах магадлалтай. Тиймээс богино хугацаанд, тухайлбал ойрын зургаан сарын дотор бодлогын хүүг огцом бууруулах бодит боломж харагдахгүй байна. Зээлийн бүтцийг харах юм бол аравдугаар сарын байдлаар зээлийн өсөлт 24 хувьтай байгаа. Үүний 60 орчим хувь нь хэрэглээний зээл байна. Зээлийн хүү үндсэндээ дөрвөн хэсгээс бүрддэг. Хамгийн гол зардал бол эх үүсвэрийн зардал байдаг. Дээр нь банкны үйл ажиллагаа, банкны ашиг, эрсдэлийн зардал өндөр байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллавал би бүтцийг нарийвчлан авч үзэж, ажиллах болно.
Сүүлийн 10 жилд төсөв, мөнгөний зах зээл тус тус гурав дахин нэмэгдсэн. Бодит эдийн засаг 5-6 хувь, зарим жилд хасах өсөлттэй гарсан. Үүнээс улбаалж манай эдийн засаг хөсөөрсөн. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч байна. Валютын ханшид дарамт ирж байна. Хөөс нэлээд томорсон байгаа учраас богино хугацаанд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, мөнгөний бодлогын одоо хэрэгжүүлж байгааг үргэлжлүүлэх, сайжруулах замаар энэ хөөсийг хагалахгүй зөөлөн агшааж бодит хөрсөн дээр буулгах ёстой.
Ипотекийн зээлийг бодитой, зөвхөн гэр хороололд амьдарч байгаа иргэдэд нарийвчилж өгөх хэрэгтэй. Хэрэгцээ өндөр байгаа. Бүх хүмүүс 6 хувь руу оочерлож байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.