Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгав
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, байгаль цаг уурын аюулт үзэгдэл, газар хөдлөлт, үер ус, халдварт цар тахал, гал түймрийн гаралтай аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэнээс гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо жилд дунджаар 50.000 орчимд хүрч, учирсан шууд хохирлын хэмжээ 330 тэрбум ам.долларт хүрлээ. Цаашид 2030 он гэхэд жилд тохиолдох гамшгийн тоо 560 хүрч, өнөөдрийн түвшнээс 40 орчим хувиар өсөх тооцооллыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын эрсдэлийн тайланд дурджээ.
Манай улсад нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо 2000 онд 2547 байснаас 2024 онд 5118 болж хоёр дахин нэмэгдсэн бол жилд 250 орчим хүн гамшиг ослын улмаас амь насаа алдаж байна. 2023-2024 онд нийт нутаг дэвсгэрийг хамарсан зудын гамшиг тохиолдож, 7.4 сая мал хорогдож, эдийн засагт 1.3 их наяд төгрөгийн хохирол учирсан, 2025 онд 273 удаагийн ой, хээрийн түймрийн улмаас 1.2 сая га ойт хээрийн талбай шатаж, 6.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Эдгээр баримт мэдээллийг өнөөдөр болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга Г.Занданшатар тус хурлыг нээж үг хэллээ.

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар биш дэлхий нийтэд системийн хэмжээнд авч үзэж байна. Мөн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлдэг болж байна. Эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Ерөнхий сайд энэ оны наймдугаар сард Үндэсний аврах бригадын алба хаагч нарын саналыг сонсож, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгосон. Ирэх жилийн улсын төсөвт тусгасан ажлууд, мөн Монгол Улсын Засгийн газар Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, арга хэмжээнүүд, Азийн хөгжлийн банкны зээлийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд зэргийг хэрэгжүүлснээр ирэх жилүүдэд онцгой байдлын албаны хөрөнгө оруулалт, хангалтыг шинэ шатанд хүргэнэ гэж зорьж байна гэлээ.
Улс, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, болзошгүй эрсдэлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд онцгойлон анхаарч, эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулахад дараах чиглэлээр анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болголоо.
- Гамшгаас хамгаалах тухай хуульд “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгах,
- “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030 хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2025-2030 онд хэрэгжүүлэх гуравдугаар үе шатны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, бүхий л түвшинд хэрэгжилтийг өндөр хариуцлагатай зохион байгуулах,
- Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарах, тэр дундаа нэн чухал дэд бүтцийн барилга байгууламж, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, эмнэлэг, сургуулийн гамшигт тэсвэртэй байдлыг стандартын дагуу хангах, төрийн өмчийн олон нийтийн болон худалдаа үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудад гал түймэр, газар хөдлөлтийн эрсдэлийн үзлэг хяналтыг эрчимтэй төлөвлөн зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах,
- Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ган зуд, ой, хээрийн түймрийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог шинэчлэн сайжруулах, түймрээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг бүх түвшинд авч хэрэгжүүлэх,
- Гамшигт тэсвэртэй байх, гамшгийн үед бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах чадавхыг аж ахуйн нэгжүүдэд бэхжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахыг Үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.
Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар гамшгийн эрсдэлийг бууруулах эрх зүй, бодлогын орчныг сайжруулах, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гамшгаас хамгаалах бүх нийтийн боловсролыг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, гал түймрийн аюулгүй байдлыг хангах, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тус тус зөвлөмж гаргаж, энэхүү зөвлөмжийг 2026-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, холбогдох зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу улс, орон нутаг, салбарын төсөвт тусгаж санхүүжүүлэхийг үндэсний зөвлөлийн гишүүд, орон нутгийн салбар зөвлөлийн дарга нарт чиглэл болголоо.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.