Завханы Засаг дарга асан Д.Батсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ
ХААН болон Төрийн банканд удирдах албан тушаал хашиж байсан Д.Батсайхан 2016-2020 онд Завхан аймгийн Засаг даргаар ажилласан билээ. Энэ хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэргийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагын хяналтад шилжүүлсэн аж.
Тодруулбал, Д.Батсайхан орон нутагт зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд тусгаагүй дэд бүтцийн барилга, байгууламжийн гүйцэтгэгчийг сонгохдоо тендер зарлаагүй аж. Улмаар нэр бүхий компанийг сонгон шалгаруулж, гүүр барих гэрээ байгуулан, төсвөөс 178 сая төгрөгийн санхүүжилт туслан гүйцэтгэгчийнх нь дансаар олгуулах шийдвэр гаргасан хэрэгт холбогдсон юм байна.
Нийслэлийн прокурорын газраас Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайханд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын үндэслэн өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлджээ. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хэргийг нь яллагдагчийн хамт шилжүүлсэн гэнэ.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.