🔴Б.Цогтнаран: Энэ онд 9000 аж ахуй нэгжийн дансыг хаасан. Татвар бүрдүүлэлт нүүрсний үнээс шалтгаалж буурсан
Улсын хэмжээнд татвар бүрдүүлэлтийн нөхцөл байдлаар Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнарангаас тодрууллаа.
ҮТЕГ-ын дарга Б.Цогтнаран:
-Татварын алба 2025 онд улс, орон нутгийн төсөвт нийт 17.9 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 15.5 их наяд төгрөг буюу төлөвлөгөөний 90 орчим хувийг биелүүлжээ. Улсын төсөвт төлөвлөсөн 11.2 их наядаас 10 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Сангийн яамнаас өчигдөр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгсөн. Он дуустал татварын орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах магадлалтай гэсэн тооцоолол гарсан ч Татварын алба Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө анхаарал хандуулж ажиллаж байна.
Сүүлийн үед өртэй татвар төлөгчдийн тухай их яригдаж байна. 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Татварын албанд бүртгэлтэй 265 мянган хуулийн этгээдийн 72 мянга буюу 26 хувь нь нийт 6.1 их наяд төгрөгийн өртэй байна. Гол шалтгаан нь уул уурхайн салбарын үнийн уналттай холбоотой. Нийт өрийн 30 хувь буюу 2 их наяд төгрөгийн өр нь мянга орчим уул уурхайн ААН-ийнх байна. Нүүрсний үнэ төлөвлөснөөс унаснаас өр хуримтлагдаж, төлөгдөхгүй байгаа юм.
Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу зөвлөгөө өгөх, хяналт тавих, орлого бүрдүүлэх гэсэн гурван үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Татвар төлөгчид ч хуулийн хугацаанд тайлагнаж, төлөх үүрэгтэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд өр хураах ажиллагаа явуулдаг. Засгийн газар эсвэл Сангийн яамнаас өгсөн тусгай даалгавар биш.
2025 онд 9000 орчим татвар төлөгчийн дансыг хаасан. Эдгээр ААН-ууд өрөө төлбөл дансыг буцааж нээдэг. Өр барагдуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ процесс үргэлжилнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.