🔴М.Бадамсүрэн: “Аварга малчин”-ыг малаас гаргаж авсан ашиг шим, төлсөн татвараар нь шалгаруулдаг болно
Улсын аварга малчныг шалгаруулах журамд өөрчлөлт оруулах саналынхаа талаар ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн:
-Хамгийн гол үзүүлэлт бол татвар төлсөн байдал. "Аварга малчин" хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн татвар төлсөн нь хамгийн чухал үзүүлэлт байдаг.
Цаашид Улсын аварга малчныг шалгаруулах журамд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт өгч байна. Үүний дагуу, малчид малынхаа ашиг шимийг дээшлүүлж, хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэдэг нь гол үзүүлэлт болно. Мөн цаашид малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, нийгмийн асуудалд анхаарах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Малчдад зориулсан мэдээлэл, сургалт өгнө. Дундын хоршоо хэлбэрээр хөгжих, олон улсын туршлага нэвтрүүлэх, тэжээл тариалах, малаа битүү хашаатай болгох зэрэгт дэмжлэг, сургалт, зөвлөгөө өгөхөөр бэлтгэж байна.
Улсын аварга малчныг 100 гэж заасан ч үүнээс илүү олноор шалгаруулах шахалт ирдэг. Тиймээс "Аварга малчин"-ыг чанартай, цөөнөөр шалгаруулж, бусдадаа үлгэр дуурайлал, манлайлал үзүүлэх чиглэл рүү явахыг олон нийтээс хүсэж байна. Хэдхэн жилийн өмнө нэг аймгаас нэг л малчин шалгардаг байсан бол одоо зарим аймгаас 8-10 гаруй малчин шалгарч байна. Цаашдаа бид бэлчээрийн хамгааллын бодлогод анхаарах ёстой. Нийт бэлчээрийн тэн хагас хувь нь доройтолд орсон байна. Тэгэхээр малын тоо толгойг өсгөхөөс илүү, чанартай, цөөн малаас их ашиг шим олох бодлого руу шилжүүлэх ёстой. Үүнийг бодит ажил болгоно.
Түүнчлэн, малчдын өвөлжөө, хаваржааны газар олгох ажилд зөрчил их байна. Хуульд зааснаар, Багийн иргэдийн нийтийн хурал, сумын хурал хэлэлцээд, сумын Засаг дарга ямар нэгэн шалгуургүй олгодог. Гэтэл 1000-2000 адуутай хүн газраа худалдаад авчихдаг. Ингээд бэлчээрийн даац хэтэрч, том зөрчил үүсэж байна. Энийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Эсэргүүцэл их ирэх нь тодорхой ч малчид ирээдүйнхээ төлөө зөв зохистой дэмжих хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.