🔴С.Цэнгүүн: Би хамгийн залуу гишүүн гэдэг утгаараа олон томилолтод явсан
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс 22 удаагийн томилолтод явсан гэх асуудлаар тодруулав.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Миний хувьд энэ жил гадаад томилолтууд нэлээн их байлаа. Эдгээр нь УИХ-ын Тамгын газрын төсвөөс биш, олон улсын байгууллагуудын урилгаар оролцсон үйл ажиллагаанууд байсан.
Хамгийн залуу гишүүнээр сонгогдсон учраас Залуу парламентчдын холбоо, Эмэгтэй парламентчдын холбоо, Залуу улс төрийн манлайлагчдын хөтөлбөрүүдэд хамрагдсан. Жишээ нь, 15 улсын парламентын эмэгтэй гишүүд тухайн сэдэвт асуудлуудаар өөр өөр улсад очиж ажилладаг. Дараа жил Монголд ирэхээр хүсэлт тавьсан. Хэрэв батлагдвал бид бас оролцоно.
Үндсэндээ олон урилга ирсэн ч, би өөрөө илтгэл тавих, эсвэл чухал хэлэлцүүлэгт оролцохгүй бол явах сонирхолгүй. Олон нийтэд нээлттэй ажиллах ёстой учраас гурван сар тутамдаа өөрийн Facebook хуудсаараа тайлан гаргадаг. Ирц, гадаад томилолт, оролцсон уулзалт, илтгэлүүдээ бичдэг. Саяхан 12 дугаар сард бүгдийг нь нэгтгээд, жилийн тайлангаа гаргасан.
-Одоо та ямар хуулийн төсөл дээр ажлын хэсэгт орж ажиллаж байгаа вэ?
-Би Эрчим хүчний хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг гол анхаарлаа хандуулж байсан. Гэхдээ УИХ-ын дарга Н.Учрал бүх ажлын хэсгийг татан буулгасан. Тэгэхээр манай ажлын хэсэг тодорхойгүй байдалд шилжсэн. Үндсэндээ эрчим хүчний салбарт төр оролцохгүй, чөлөөт өрсөлдөөний зах зээлийг нэвтрүүлэх үзэл баримтлалтай хуулийн төсөл юм. Одоо боловсруулалт дууссан, хүлээлтийн шатад байна.
Мөн их маргаан дагуулдаг Шагналын тухай хууль дээр ажиллаж байгаа. Одоо шагналыг хавтгайруулан олгодог болсон. Гавьяатай хүмүүсийн үнэ цэнэ алдагдсан. Ардчиллын дараа хөдөлмөрийг мөнгөөр үнэлдэг болсон учраас системээ өөрчлөх хэрэгтэй. Хуучин нэршлүүдийг шинэчлэх, жинхэнэ гавьяатай хүмүүст томоор олгох, шаардлагагүйг зогсоох ёстой гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.