🔴Ч.Лодойсамбуу: Би кнопоо худалддаг хүн биш
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж дуусаад, өргөн барихад бэлэн болж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодруулав.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Товчхондоо хэсгийн ахлагч нар тухайн баг, хорооныхоо иргэд, айл өрхийг цэнхэр, улаанаар ялгадаг л ажил хийдэг. Энийг бүх хүн хүлээн зөвшөөрнө. Цэнхэр айл гэдэг нь АН-ыг дэмждэг, улаан нь МАН-ын айлыг хэлж байгаа юм. Цэнхэр айлд төрийн үйлчилгээг ер нь аваачихгүй, боох ажил хийдэг. Харин улаануудаа тойглоод, ямар нэг байдлаар шагнал өгч, дэмждэг. Зүгээр сонгуулийн ажил хийдэг гэдэгтэй хэн ч маргахгүй.
Тийм учраас энэ шаардлагагүй орон тоо байна. Эрх баригч намын сүлжээг тогтоон барьдаг ажил хийдэг юм байна. Ийм хүмүүсийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах шаардлагагүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг, баг, хороо гэж хуваадаг. Хэсэг гэж байхгүй. Үндсэн хуульд байхгүй нэгжийг бий болгоод, нийслэл, сум, аймаг гэрээ байгуулж цалинжуулаад явж байгаа нь байж боломгүй зүйл.
Хэсгийн ахлагч гэдэг нэртэй хүнд мэдээлэл дамжуулагч давхар бүтэц бидэнд хэрэггүй тул АН-ын бүлгээс хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хамгийн ноцтой зүйл нь хэсгийн ахлагч нар айл өрхүүдийг цэнхэр, улаанаар нь ялгаж, төрийн үйлчилгээг дамжуулж, заримыг нь таслах, боогдуулах ажил хийж байгаа нь эргээд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэд халдаж байна. Зөөлнөөр дарамталж, хүчирхийлэл үйлдэж байгаа үйлдэл.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унахад та нэг тэрбумаар кнопоо зарсан гэх мэдээлэл гарсан байсан. Энэ дээр тайлбар өгөөч?
-Тэр чинь логикийн хувьд ч боломжгүй зүйл. Янз бүрийн мэдээлэл гарч, намайг есөн бусаар хэлдэг. Гэхдээ би нэг их тоодоггүй. Яагаад гэхээр цаг хугацааны эрхэнд юмс бодитоороо мэдэгдэнэ. Ер нь бид нар нэг их худалдагдаад байдаггүй үеийнхэн гэдгээ сэтгүүл зүйн салбарт байхдаа ч тодорхой харуулсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.