Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатгах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Албан даалгавар гаргаж, Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг чанд мөрдөн ажиллах талаар харьяа байгууллагын удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллах;
- Төрийн байгууллагын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр тэтгэмж, хүүгийн төлбөр, хүүхдийн мөнгө, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, онцгой байдлын байгууллагын шаардлагатай урсгал зардлыг тэргүүн ээлжид, бусад зардлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрэмбийн дагуу санхүүжүүлэx;
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөж төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллагын болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, бэлэг дурсгалын зүйл бэлтгэхгүй байх;
- Тэвчиж болох дараах арга хэмжээ, зардлын санхүүжилтийг 2025 он дуустал хугацаанд зогсоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэмнэлттэй, үр ашигтай байдлаар зохион байгуулах.
Хуралт, семинар, сургалтыг цахимаар зохион байгуулж дотоод, гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг түр зогсоох, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх мэргэжлийн үйлчилгээний гэрээ шинээр гэрээ байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэхийг үүрэг болголоо.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ
Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгох замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилголр дараах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.
Энэ оны эхний хагас жилд нүүрсний экспорт буураад байсан боловч Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн байна.
Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолоор Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК-д ашиглуулах эрх олгосон байдаг. Харин тус газраас зориулалтын дагуу ашиглаагүй 5.3 га талбайг Хилийн боомтын захиргаанд буцаан шилжүүлж, уг хэсгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Мөн “Оюу толгой” ХХК-ийн тусгай зориулалтын авто зам нь өдрийн 10:00–14:00 цагийн хооронд зэсийн баяжмал тээвэрлэхэд ашиглагддаг бөгөөд бусад цагт ачаалалгүй байдгийг харгалзан, уг замыг нүүрсний тээвэрлэлтийн зорилгоор ашиглах боломж бүрдүүллээ. Ингэснээр тус авто замаар хоногт дунджаар нүүрс тээврийн 1500 гаруй автомашин нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр нүүрс тээврийн зохион байгуулалт сайжирч, хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэн, нүүрсний экспортын биет хэмжээ өснө гэж үзэж байна.
Түүнчлэн,
- Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцууллаа;
- Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх хяналт шалгалтын тайланг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Гадаад улсын Фулхам, Си Эн Эн, Эдэлмэн зэрэг хуулийн этгээдүүдийг сонгох болсон үндэслэл, гэрээнд тусгасан үнийн дүн олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тайланд дурджээ;
- Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй, нийт нэг тэрбум 400 сая төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн сахилгын хороонд шилжүүллээ;
- Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байгаа юм. Гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгалаа.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.