Н.Энхбаяр: Монголын тал 51 хувийг өр зээлгүйгээр авах саналыг Рио Тинтод тавьж байсан
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол хоёр дахь өдрөө зээлийн хүүгийн асуудлаар үргэлжилж байна.
Тус хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал даргалж байгаа бол УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байна.
УИХ-ын гишүүн, түр хорооны дарга О.Батнайрамдал:
-Хөрөнгө оруулалтын гэрээг батлах үед та бүхэн ямар чиглэл өгч байсан бэ? Хувь нийлүүлэгчийн гэрээг та бүхэн тухайн үед ямар түвшинд авч үзэж байсан бэ гэж Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нараас асуумаар байна.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Би 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнөх Оюутолгойн гэрээтэй асуудлыг харьцангуй сайн мэднэ. Тухайн үед би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан. Тэр үед Монголын газар нутагт байгаа том орд учраас 51 хувийг Монголын тал өр зээлгүйгээр авъя гэдэг санал тавьж байлаа. Рио Тинтогийн тал бид энэ ордыг олсон тул шууд 51 хувийг та бүхэнд өгөхөд хөрөнгө оруулалтын болон бусад асуудлыг шийдэхэд хэцүү тул үүнийг зөвшөөрөхгүй гэсэн. Тэгэхэд нь бид уян хатан хандаж та бүхэн дийлэнх хувийг авах талаар бодож болно. Гэхдээ яваандаа Монголын талд 51-ээс доошгүй хувийг өгөх маягаар гэрээ, хэлцэл хийж болох юм гэдэг саналыг би албан ёсоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ ч, Төрийн тэргүүний хувьд ч хэлж байсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.