🔴П.Мөнхтулга: Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай

AI хөрвүүлсэн

Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:

-Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үнийн өсөлтийн энэ үед 600 мянгаар амьдрахад хэцүү. Энэ асуудлыг олонхын бүлэг, Засгийн газар авч хэлэлцэх ёстой.

Цөөнхийн гишүүний хувьд би хууль санаачлах боломжоо ашиглаад, ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг санал болгож байна. Монгол Улсын Банкны тухай хуульд банк зээлийн хүүгээ өөрөө тогтооно гэж заасан байдаг. Энэ нь чөлөөт эдийн засгийн өрсөлдөөнийг бий болгодог, зөв зохицуулалт. Гэвч тэтгэврийн зээл бол чөлөөт зах зээлийн бүтээгдэхүүн биш. Төрөөс олгогддог, найдвартай, эрсдэлгүй зээл байтал Монголбанкнаас 150 хувийн эрсдэлтэй гэж тооцож, хэрэглээний зээлтэй адилхан хүү авч байна. Үүнийг болих хэрэгтэй.

Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн зээлийг УИХ-ын тогтоолоор тогтоох хуулийн төслийг өнөөдрийн байдлаар 17 мянган хүн дэмжиж, гарын үсгээ зурсан. Удахгүй Их Хурлын даргад өргөн барьж, амжвал энэ намрын чуулганд хэлэлцүүлээд батална гэж найдаж байна.

Монголбанк бодлогын хүүгээ бууруулах тусам тэтгэврийн зээл дагаад буурна. Мөн тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох санал яригдаж байна. Хүү буурч, хугацаа урт болбол ахмадуудын тэтгэвэр амьжиргаанд нь илүү хүрэх боломжтой гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.