🔴Ц.Баатархүү: Иргэдийн түлэх нүүрсэнд төр оролцохоо болих хэрэгтэй
Улаанбаатар хотын агаарын бохирдол, эрчим хүчний асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Агаар орчин, түлш, эрчим хүчний асуудлыг Эрчим хүчний яам мэдэхийг хүсэхгүй болчихжээ. "Хот мэднэ" гэдэг байдлаар хандаж байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудал маш олон эзэнтэй явсан. Дарга нар нэмэгдэх тусам хариуцлагагүй болж, төслүүд лоббины төсөл болсон. Хоёр удаа зуух сольж, түлш солих туршилт хийсэн. Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах мэдрэгч, цахилгаан халаагуур тараасан. Энэ бүх төсвийг нийлүүлбэл 5 их наяд төгрөг болж байна. Энэ мөнгөөр Улаанбаатарын эрчим хүчний хэрэгцээг хангасан цахилгаан станц барих боломжтой байсан.
Тавантолгой түлш үйлдвэрлэл технологийн алдаанаас болж зогссон. Ямар ч үр дүнгүйгээр 1.5 тэрбум төгрөгийн өр, 1.4 тэрбумын татаас, 500 орчим тэрбумын хөрөнгө оруулалт зарцуулсан. Хэрэв энэ 3.5 тэрбум төгрөгийг иргэдийг орон сууцтай болгох, гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй ойртуулахад зарцуулсан бол илүү үр дүнд хүрэх байсан. Утаа, түлш хэзээ ч агаарын бохирдлыг шийдэхгүй. 15 жил иргэд дээрээ туршиж үзлээ. Янданг буулгах, инженерийн дэд бүтцийг шийдэж өгөх, тэр эх үүсвэртээ татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Мөн орон сууцын үндэсний бодлого хэрэгтэй байна.
Одоо эрчим хүчний акт, төслийг дахиад оруулж, 226 тэрбум төгрөгөөр хагас коксон түлш Хятадаас авч байгаа. Монгол Улс нэг тонн нүүрсээ 175 мянган төгрөгөөр экспортолж, буцаагаад нэг тонн хагас коксыг 1.1 сая төгрөгөөр импортоор авч байна. Эрчим хүчний нөөцтэй улс атлаа гаднаас бүтээгдэхүүн авах бодлого явуулж байна. Ирэх жилээс Оросоос хий импортлох гэнэ. Бид өөрсдөө Багануурын уурхай дээр тулгуурлан хагас коксын үйлдвэр барих боломжтой байхад эрчим хүчний хараат байдалд оруулж, буруу шийдвэр гаргаж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд асуулга тавьсан. Цаашдаа Хяналтын түр хороо байгуулж, нэг зөв бодлоготой болгоно.
Монгол хөгжье гэвэл хаана хаанаа хариуцлага хүлээж, алдаагаа оношилж, шийдэл гаргах ёстой. Одоо дахиад өмнөхөө орхиод, ирээдүй цаг дээр ярьж байна. Ирэх жил хэдэн мянган айлыг хийгээр халаах гэнэ. Энэ бүхнийг татвар төлөгч, ААН-ууд нуруун дээрээ үүрч байна. Төр оролцсоны бурууг өнөөдрийн агаар орчны бохирдол харуулж байна. Төр аль болох оролцохгүй, хувийн хэвшилд боломж өгч, татварын бодлого явуулбал иргэд сонголттой болно гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.