🔴БНХАУ-ын “Мен дун энержи” компани “Олгой булаг” компанийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирчээ
БНХАУ-ын “Мен дун энержи” компанийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” компанийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон талаар мэдээлэл хийв.
“Мен дун энержи” компанийн захирал Ли Жан Хуа:
-Би 2017 оноос хойш “Олгой булаг” компанийн “Төхөм” уурхайтай хамтын ажиллагааг эхлүүлж, нийт 51 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Манай компаниас тээвэрлэлтийн хөлсийг гаргаж, хариуд нь 52 хувийн хувьцааг авах ёстой байсан. Одоо бүх хөрөнгө оруулалт гүйцэж, олборлолт, тээвэрлэлт, зам тавилт дууссан ч одоо хүртэл биднийг энэ ажилд оролцуулахгүй байгаа тул хууль шүүхийн байгууллагад хандсан. Гэтэл эсрэг талын компани бидний ажлын байранд ирж, сүрдүүлэх, хүч хэрэглэх зэрэг үйлдэл хийж байгаа. Хөрөнгө оруулагчийн хувьд миний аюулгүй байдал, нэр хүндэд халдаж байгаа тул энэ мэдэгдлийг хийж байна.
“Олгой булаг” компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээнд заасан 52 хувиа шилжүүлээгүй. Хөрөнгө оруулагч тал 2017-2021 онд шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг хийсэн. Нийт 100 гаруй автомашин, техник, тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан зам, уурхайн кемпийн бүтээн байгуулалт, хөрс хуулалт, тээвэрлэлт, Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжийг төлсөн.
Гэвч 2020 оны коронавирусийн дэгдэлтийн улмаас хөрөнгө оруулагчид Монгол Улсад ирэх боломжгүй болсон. 2021 онд "Олгой булаг" компани уурхайн олборлолтын ажлыг дангаараа зохион байгуулж эхэлсэн. Энэ үеэс гэрээний заалтаа зөрчиж, хөрөнгө оруулагчийн талын хамтын ажиллагаанаас гарсан. Нүүрсний нийлүүлэлт, тээвэрлэлтийг зогсоож, гуравдагч компанитай хамтран олборлолт, тээвэрлэлт, борлуулалт хийж эхэлсэн. Үүний улмаас гэрээ зөрчигдөж, маргаан үүсгэсэн.
Маргаанаа шийдэхээр хэлэлцээ хийх гэж уулзсан ч Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нь "Та нар казино тоглоод алдсан гэж бод. Хуулийн байгууллагаар яваад ямар ч нэмэргүй. Бүгд манай тал байгаа" гэж хэлээд хөөж явуулсан. Ингээд 2021 оны 12 дугаар сараас цагдаагийн байгууллагад хандаж, хохирогчоор тогтоогдон, мөрдөн байцаалтын шалгах ажиллагаа явагдаж байгаа.
"Олгой булаг" компанийн хувьцаа эзэмшигчид хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр биднийг гэмт хэрэгтэн, залилан хийсэн, компанид хохирол учруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тарааж, миний нэр хүндэд халдаж, сэтгэл санааны дарамт үүсгэсэн. Мөн миний биед халдсан асуудал удаа дараа гарч байгаа тул хэвлэлийн бага хурал хийж байна. Монгол Улсын шүүх үнэн шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.