🔴С.Баярцогт: Оюутолгойн орд газрыг дарга нарын идэж уудаг нүүрс шиг болгоогүй

AI хөрвүүлсэн

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Сангийн сайд асан С.Баярцогт: 

-Мэдээж ингээд ард түмнийхээ өмнө нээлттэй хэлэлцэх нь сайн. Тэгэхдээ цаг хугацааны хувьд бид нар бас тооцох ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа тодорхой хоёр асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Тэгвэл энэ асуудалд тус болох уу, болохгүй юу гэдгээ бид нар тооцох ёстой.

Мөн Оюутолгойн гэрээ, гэрээний хэрэгжилттэй холбоотой олон Засгийн газар дамжиж хэрэгжиж байгаа энэ бүх зүйл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тийм учраас нээлттэй ярих ч юм байна, ярихгүй ч юм байна. Энэ төсөл Монгол Улсад гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын дуудлага болж байгаа, дээрээс нь энэ хөрөнгө оруулалт өөрөө 100 гаруй жил үргэлжлэх том төсөл учраас бид нар бүгдийг нь хуулийн дагуу, зөв зүйтэй хийх ёстой.

Хянан шалгах түр хорооны хэлэлцэх асуудал нь хэдийгээр хоёрхон асуудал ч үр дүнгээр нь авч үзвэл хаалттай ярилцах юмнууд маш их байгаа. Тийм учраас Монголын шийдвэр гаргагчид, улс төрчид үндэсний аюулгүй байдлынхаа түвшинд хаалттай асуудлуудыг ярилцах зайлшгүй шаардлага байна.

Хүмүүс хэтэрхий их улс төржиж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдсэний хүчинд Монгол Улс 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг амжилттай давж гарсан. Одоо Монгол Улсын эдийн засаг тав дахин томорсон, төсөв 15 дахин томорсон. Байгуулсан гэрээ биш, гэрээний хэрэгжилтэд үе үеийн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Зарим Засгийн газар хариуцлагагүй ажиллаж, эс үйлдлээрээ үйл ажиллагааг хоёроос гурван жил зогсоож байсан. Зарим Засгийн газар шийдэж байна гээд Монголын эдийн засгийн үр өгөөжийг алдагдалтай болгож байсан. Харин зарим Засгийн газар ашигтай болгож байсан. Энэ болгон дээр бид дүгнэлт хийгээд явах ёстой. Хэн нэгэн рүүгээ буруу чихэх хэрэггүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.