🔴Ч.Хүрэлбаатар: Улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа мега төслүүдийнхээ алдааг засаад явъя гэвэл Оюутолгойн сонсгол эерэг үр дүнгээ өгнө

AI хөрвүүлсэн

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар: 

-Сонсголд дуудагдсан учраас хүрэлцэн ирээд байна. Оюутолгойн талаар янз бүрийн мэдээллүүдэд цэг тавих, тал бүрээс бүрэн ойлголт өгөх сонсгол болох байх гэж бодож байна. Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд байдаг жижигхэн, ардчилсан улс. Тиймээс хоёр хөршөөс гадна гуравдагч орны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.

Оюутолгой компани Монголд 2009 оноос хойш хөрөнгө оруулалтын гэрээгээ хэрэгжүүлж, бүтээн байгуулалт явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа учраас аль аль талдаа сайжруулах зүйлс байгаа. Тиймээс сонсголд ололт амжилт болон засаж залруулах зүйлээ ярих бодолтой ирсэн. 

Зарим хүмүүс хөрөнгө оруулагчаа үргээчихвэл яах вэ гэж бодож байгаа. Арай ч хөрөнгө оруулагчаа үргээж болохгүй. Монголын олон залуучууд гадаадад ажиллаж, хэдэн зуун мянгаараа хөдөлмөр эрхэлж байна. Хэрвээ тэр уурхай, үйлдвэр Монголд орж ирвэл монголчууд эх орондоо ажиллана. Гэр бүл, үр хүүхдийнхээ хажууд, орлогоо Монголд үлдээж, хүчээ улсынхаа төлөө зарцуулна. Тиймээс хөрөнгө оруулалтад болгоомжтой хандах хэрэгтэй. Хэт попрох, хэт шаардах өвчин Монголын эдийн засгийг туйлдуулж байна.

2024 оны УИХ сайн ажиллаж байгаа. Ураны гэрээг хэлэлцээд дэмжсэн, төмөр замын холболтын гэрээг мөн дэмжсэн. Эдгээр нь эргээд эдийн засагт олон жил том хөдөлгүүр болно. Дандаа сөрөг бодож амьдарвал Монгол хөгжихгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.