"Оюутолгой"-н нээлттэй сонсголын талаар гадаадын хэвлэлд гарчээ
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооны Оюутолгойн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 8-12-нд Төрийн ордонд болох гэж буй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж, 300 орчим хүнийг гэрчээр дуудсан билээ. Тэгвэл энэ талаар "bne IntelliNews" агентлаг мэдээлсэн байна.
Тус нийтлэлд:
"Монгол Улс ирэх долоо хоногт Оюутолгойн алт, зэсийн уурхайд хяналт шалгалт хийх нээлттэй сонсгол зохион байгуулахаар зэхэж байна. Парламентаас байгуулсан хяналтын хороо нь Монгол Улс тус уурхайгаас хангалттай ашиг хүртсэн эсэхийг судалж байгаа юм.
Хууль тогтоогчдын хэлснээр, энэхүү сонсгол нь нөөцийн үнэлгээ, лицензийн шийдвэр зэрэг хэд хэдэн томоохон асуудлыг гол чиглэлээ болгох аж. Мөн “Онтрэ”-гийн Жавхлант, Шивээ толгойн ашиглалын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцөөс Монгол Улс хэрхэн ашиг хүртэх вэ гэдэг гол асуудал болоод байна. Сонсголын үеэр тус улсын Ерөнхий сайд асан, уул уурхайн ахлах албан тушаалтнууд, салбарын удирдлагууд зэрэг 300 орчим гэрчийг дуудна. Эдгээр гэрчийн мэдүүлгийн үр дүнд өмнөх гэрээ, санхүүжилтийн нөхцөлийг дахин хэлэлцэх эсэхийг тодорхойлох боломжтой гэж хууль тогтоогчид үзэж байна.
Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал сүүлийн хэдэн долоо хоногт ихэд дарамт шахалттай тулгарч, өөрийг нь үл таних тээврийн хэрэгсэл дагаж мөрдөх болсныг хэлэв. Тэрээр "bne IntelliNews"-д илгээсэн имэйлдээ "Энэ үйлдэл нь зөвхөн миний хувийн эрхийг зөрчөөд зогсохгүй, Парламентын халдашгүй, бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, албан ёсны хяналтын үйл явцад саад учруулахыг оролдож байна. Уг асуудлыг холбогдох хууль сахиулах байгууллагад мэдүүлсэн" гэсэн юм.
Харин "Рио Тинто" компани удахгүй болох сонсголтой холбоотой бидний асуултад хариулт өгсөнгүй.
Оюутолгойн төсөл нь Монголд улс төрийн маргааныг дагуулсаар удаж байна. Иргэд, олон нийт тус уурхайг улс орны хөгжилд чухал ач холбогдолтой гэж үздэг ч монголчууд хангалттай ашиг хүртэхгүй байна хэмээн шүүмжлэлттэй ханддаг. Хянан шалгах түр хорооны дүгнэлт 2026 оны эхээр гарснаар Монголын уул уурхайн салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтыг тодорхойлж, тус улсын Засгийн газрын хамгийн том гадаад түншүүдийн нэгтэйгээ харилцах харилцаанд нөлөөлж болзошгүй юм" гэжээ.
Эх сурвалж: bne IntelliNews
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.