27 000 ам.долларын хахууль авч байсан татварын байцаагчийг үйлдэл дээр нь саатуулжээ
Нийслэлийн Татварын газрын байцаагч А.Бадамыг бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь уржигдар орой АТГ-ынхан саатууллаа. Тус газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч тэрбээр 27 700 ам.доллар буюу Монголбанкны тухайн өдрийн ханшаар 100 орчим сая төгрөг албан өрөөндөө авч байсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байна.
Хуулиар тогтоосон татвараа төлөлгүй өр төлбөр, хүү алданги нь олон тэрбум төгрөгт хүрсэн нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас төлөх хэмжээг нь багасгаж өгнө хэмээн амлаж дээрх мөнгийг авсан гэнэ. Татварын байгууллагад олон жил ажилласан А.Бадамын хувьд ганц энэ ч биш, өөр нэг бус аж ахуйн нэгжийнхнээс улсад төлөх ёстой татварынх нь хэмжээг багасгаж өгсний хариуд хахууль авсан байж болзошгүй аж. Тэрбээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн, зөвөөр мэдүүлдэггүй байх магадлалтай бөгөөд хамаарал бүхий этгээдүүдийнх нь нэр дээр олон орон сууц, спорт цогцолбор бүртгэлтэй буй. Үүнийг нь хээл хахуулийн мөнгөө угаах хэлбэрээр авсан байх магадлалтай хэмээн зарим мэдээллийн хэрэгсэлд бичих болов.
Юутай ч түүнийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.