Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, тус ордын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хянан шалгах түр хороог байгуулсан. Тус Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулах гэж байна. Сонсгол хоёр шаттай бөгөөд эхнийх нь 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд “Онтрэ”-гийн буюу Жавхлант, Шивээ Толгой ордын ашиглалтын лицензийн талбайн нөөц тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох баримтуудыг судална. Дараагийнх нь, 2025 оны арванхоёрдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, санхүүжилтийн хүүгийн талаарх баримт бичгүүдийг хэлэлцэж нээлттэй сонсохоор болсон. Энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 хүнийг гэрчээр дууджээ.

Энэ талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “…2006 оноос хойшх 20 жилийн хугацаанд “Оюу толгой” төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгаа” гэж тайлбарласан. Тэрээр “…Сонсгол нь хэн нэгнийг цоллох биш, тусгай шалгалтын хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг цуглуулан, судлан шинжилж, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаа юм. Тиймээс сонсголд дуудагдаж буй гэрчүүдийг иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн идэвхтэй оролцохыг хүсье” гэсэн юм. Мөн, Түр хорооны гишүүд “…Сонсголд гэрчээр оролцсон хүмүүсийг буруутгахгүй байхыг хүсэж байна.”, “...Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан УИХ-ын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Аль түвшиндээ, ямар шалтгаанаар хэрэгжилт нь хангагдахгүй байсныг Түр хорооны хянан шалгагч, шинжээчид тогтоохоор 60 мянга гаруй хуудас материалыг судлан, шинжилж байна. Сонсголоор Монголын ард түмэнд бодитой мэдээллүүдийг хүргэж, шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана”, “…60 мянга гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байна. Тийм учраас шинжээчид, хянан шалгагч нар ажиллах хэдий ч олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх боломжгүй, нотлох баримт болгон ашиглах боломжгүй болоод байна. Иймд эдгээр баримтыг нууцын ангиллаас гаргуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн” гэх зэргийн тайлбарыг олон нийтэд хүргэсэн юм.

Товчхондоо, олон нийт “…“Оюу толгой” төсөл хөдөлснөөс хойш ашиг биш өр олборлож байна”, “…“2019 оноос ашиг хүртэж эхэлнэ” гэсэн нь сунаад 2032 ог болсон. Ойлгохын аргагүй олон мянган хувьсагчтай тоогоор толгой эргүүлж байгаад дахиад сунаж магад” гэх ойлголтоо зөв, буруу эсэхийг энэ сонсголоос мэдэх ач холбогдолтой.

Гэвч, гол гэрч болох Ерөнхий сайд асан С.Баяр

“…Би бээр төрөө хүндэлдэг иргэн мөн хэдий ч, эл сонсголд очихгүй” гэж цахим сүлжээгээр мэдэгдэв. Уг нь, тэрээр Оюу толгойг анх гардаж хөдөлгөсөн, төслийн гэрээг анх хийсэн Засгийн газрын тэргүүн нь байгаа юм. Тэр утгаараа, С.Баяргүй Оюу толгойн сонсгол гэж байхгүй л болчихоод байгаа юм.

Тэгээд ч түүнийг сонсохоор дуудсан Оюу толгойн гэрээнээс гадна “Онтрэ”-гийн асуудал тун эргэлзээтэй. Учир нь, “Онтрэ” компанид Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг Жавхлант, Шивээ Толгой ордын ашиглалтын лиценз оччихсон. Энэ лицензүүд 2009 онд гэрээнээс яаж үлдээд яагаад “Онтрэ”-д очсон нь анхаарал татдаг. Тэгээд ч “Онтрэ” ХХК нь “Оюу толгой” ХХК-тай хамтын ажиллагааны 76 хуудас гэрээг Монголын талын оролцоогүйгээр албажуулсан. Гэтэл Оюу толгойн бүлэг ордын нийт хүдрийн биетийн 30 хувь нь энэ хоёр лицензийн талбай дээр оршдог. Алтны 42 хувь, зэсийн 24 хувь, мөнгөний 29 хувь, молибдены 94 хувь агууламжтай маш том хүдрийн хэсэг энэ хоёр лицензийн талбайд хамаардаг. Тиймээс С.Баяр ядаж Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ сонсголд очиж ярих ёстой.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 229 (7726)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.