МУГТ Э.Цэндбаатар тэргүүтэй зургаан боксчин ДАШТ-д тулалдана
IBA буюу олон улсын сонирхогчдын боксын холбооноос ээлжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байна.

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 4-нөөс 13-ны хооронд зохион байгуулагдах энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 94 орон оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа нь харьцангуй өндөр тоо юм. Мөн түүнчлэн олимпын наадамд боксын төрлийг зохион байгуулах эрхээ шинэ тутам үүсэн байгуулагдсан "Дэлхийн бокс" холбоонд алдаад буй IBA буюу олон улсын сонирхогчдын боксын холбооноос энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын санг түүхэнд байгаагүй өндөр зарласан болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Шагналын сангийн тухайд жин тус бүрийн тэргүүн байрт 300.000 ам.доллар, хоёрдугаар байрт 150.000 ам.доллар, гуравдугаар байрт 75.000 ам.доллар, тавдугаар байрт 10.000 ам.долларын шагнал тус тус олгох аж. Дээрх шагналын 50 хувь нь тамирчинд очих бол 25 хувь нь дасгалжуулагчид, үлдсэн 25 хувь нь үндэсний холбоонд нь олгох зохицуулалттай аж.
Манай улсаас насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ-д дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор МУГТ Э.Цэндбаатар тэргүүтэй зургаан тамирчин эх орноо төлөөлөн тулалдана.
Багийн бүрэлдэхүүн:
- 54 кг жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ
- 57 кг жинд ОУХМ Х.Энх-Амар
- 60 кг жинд МУГТ Э.Цэндбаатар
- 63,5 кг жинд СМ А.Даваадалай
- 67 кг жинд ОУХМ А.Жандос
- +92 кг жинд ОУХМ Х.Бекнур нар тулалдана.
Манайхны дэлхийн аваргын салхийг хагалан А.Даваадалай өнөө шөнө /12.5/ Улаанбаатарын цагаар 01:00 цагт Австралийн боксчинтой тулалдана.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.